Боловсролгүй, ядуу охиноос дээд зэрэглэлийн дизайнер болж чадсан Вивьен Вествүүдийн гайхалтай түүх

Вивьен Вествуд энгийн л нэг ажилчны гэр бүлд төрж өссөн ч түүний мөрөөдөл, сонгосон зам нь дээд зэрэглэлийн гэмээр байлаа. Тэрээр өнөөг хүртэл панк загварын хатан хаан, дэлхийн загвар зохион бүтээгч гэдгээрээ 50 гаруй жилийн турш нэрээ цуурайтуулж яваа чадварлаг эмэгтэй юм.

Үүгээр ч зогсохгүй загварын олон том шагналуудыг авч, хатан хаан Элизабетийн гараас одонгоо хүртсэн зэргээс нь үзвэл Вивьен яалт ч гүй өвөрмөц эмэгтэй аж. Тиймээс түүний уг өндөрлөгт хэрхэн гарсан түүхийг уншигчдадаа урам өгөх үүднээс бэлтгэн орууллаа.

Вивьен Вествуд, 1941 оны 4-р сарын 8-нд Английн нэгэн жижиг тосгонд ядуу айлын гэрт мэндэлжээ. Мөн тэрээр аж үйлдвэрийн бүс нутагт амьдардаг байсан тул урлагаас нэлээд хол өсжээ.

Харин Вивьенийг 17 нас хүрэхэд түүний гэр бүл Лондонгийн ойролцоох Харроу хотруу нүүсэн ба тэр цагаас эхлэн урлагийн сургуульд оржээ. Гэхдээ тэр 6 сарын дараа гэнэтхэн л “Ажилчин айлын охин урлагаар амьдралаа залгуулна гэж байхгүй” хэмээн бодоод үйлдвэрт ажилд орсон ба дараа нь багш болж, хажуугаар нь гар хийцийн үнэт эдлэл зардаг байжээ.

Мөн Вивьен 1962 онд Дерек Вествудтэй гэрлэсэн бөгөөд Бенжамин гэх хүүтэй болцгоолоо. Харамсалтай нь Деректэй хийсэн гэрлэлт удаан үргэлжилж чадаагүй ч, ирээдүйд түүний хувь заяаг үүрд өөрчлөх Малколм Макларентай холбоо тогтоогоож, тэд Жозеф Корр хэмээх хүүтэй болсон байдаг.

Цаашлаад тухайн үед панк рок урлаг дэлгэрсэнтэй уялдуулан хосууд хөгжмийн пянз чимэг, хувцас зардаг дэлгүүр нээв. Түүнчлэн Вивьенгийн хувьд түүний анхны загварын гараа уг газраас эхэлсэн ба урагдсан подволк, оосортой өмд, цочирдмоор бичигтэй цамц зэргийг онцолж байлаа. Удалгүй Малколм “Sex Pistols”-ын менежер болсон бөгөөд Вивьен хөгжимчдийн анхны хувцсыг урлахад гар бие оролцжээ.

1981 онд хосууд далайн дээрэмчний сэдэвт анхны коллекцоо танилцуулсан ч удалгүй салж хоёр тийш болов. Гэвч Вивьен хийж буй зүйлээ хаялгүй өөрийн карьерыг хөөх болсон гэдэг.

Үүнээс хойш 1985 онд Вествуд “Мини  Крини Кринолин” гэх гоёмсог богино банзлыг дэлхийд гаргаж ирсэн нь загварын ертөнцөд шинэ урсгал болсон юм. Хачирхалтай нь загвар гарсны дараахан бусад нэр хүндтэй дизайнерууд түүний санааг хуулбарласан ба тухайлбал, Dolce and Gabbana брендийн төлөөлөгч, Вивьений зохион бүтээсэн зүүлтийг хуулбарласнаа хүлээн зөвшөөрч, түүнд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.

Мөн 1991 онд Вествуд Вений их сургуульд загварын чиглэлээр хичээл заах болж, Андреас Кронталертай танилцжээ. Гэхдээ Андреас бол түүний шавь байсан бөгөөд оюутан, багш хоёр хосын харилцаагаа 4 жил нууж, эцэст нь хуримаа хийсэн байдаг. Хуримын үеэр Вивьен 50 настай, Андреас 25 настай байсан ч тэд үүнийг үл тоон одоог хүртэл аз жаргалтай амьдарч байна.

Дашрамд сонирхуулахад түүний хөвгүүд ээжийнхээ замналыг дагаж, Жозеф Корр алдартай дотуур хувцасны “Agent Provocateur” брендийн үүсгэн байгуулагч болсон бол Бенжамин Вествуд гэрэл зурагчны мэргэжилтэй болжээ.

Түүнчлэн Вивьены дизайны шийдлүүдийн нэг онцлог нь тэрслүү гоо зүй юм. Тухайлбал уламжлалт загварыг орчин үетэй холих зэргээр сэтгэдэг ба түүний 1988 оны цуглуулгад эртний хаадын болон хөдөөгийн хэв маяг тусгагдсан байв.

Вивьений хувьд дизайн нь математиктай төстэй бөгөөд янз бүрийн санааг тэгштгэл болгон орлуулдгаараа ижил юм.

“Sex and the city” олон ангит киноны гол дүрийн жүжигчинд Вивьен өөрийн гараар хуримын даашинз бэлэглэсэн нь олны дунд алдартай болж эрэлт хэрэгцээ нь нэмэгдсэн удаатай гэнэ. Мөн даашинзтай хамт бэлэглэсэн захидалд “Хүндэт Керри би Vogue сэтгүүл дээрээс таны зураг авалтыг харсан, одоо энэ даашинз таных” гэсэн байсан нь Керри Брэдшоуд тун нэр төрийн хэрэг болсон гэжээ.

Нэмж дурдахад түүний үйлчлүүлэгчдийн дунд Рианна, Кристен Сюарт, Эль Фаннинг, Ким Кардашиан, Лана Дел Рей, Женнифер Энистон, Анжелина Жоли болон бусад алдартай одууд багтдаг аж.

Ихэнхдээ алдартнуудад Вивьений даашинзны корсет, тансаг байдал, ихэмсэг загвар зэрэг нь таалагддаг байна.

Мөн хааны ордныхон ч түүний зохиосон хувцастай гадуур харагддаг ба Камилла, Евгениая гүнж нар Вествудын даашинзыг өмссөн байв.

Цаашлаад Майли Сайрус хуримын ёслолдоо Вивьений даашинзтай гарч ирсэн бол Хэйли Бибер ч мөн баярын үеэр төстэй даашинзыг өмссөн байлаа.

Харин дэлхийд алдартай загвар өмсөгч Белла Хадид түүний 2020 оны коллекцийг амилуулсныхаа дараа “Би хуримаа хийхдээ Вивьенээр даашинзаа хийлгэхийг мөрөөддөг, тэр л миний дүр төрхийг гаргаж ирнэ” хэмээн итгэлтэйгээр хэлжээ.

Эцэст нь тэр өөрөө ч гэсэн хувийнхаа брендийг илүүд үздэг ба түүний нас өндөр гарсан ч хэв маягаа өөрчлөлгүй туйлын сэтгэл хангалуун амьдарсаар байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!