Яаж ч хичээгээд толгой доторх бодлоо цэгцэлж, бясалгаж чаддаггүй хүмүүст туслах аргууд

Бясалгал гэдэг нь тодорхой обьект бодол эсвэл үйл явцад анхаарлаа хандуулж төвлөрөх, сэтгэлийн амар амгаланд хүрэх дасгал юм. Ингэхдээ гүнзгий амьсгалын техник зэрэг тусгай аргуудыг ашигладаг ба өдөр бүр 10 минут бясалгал хийхэд сэтгэлийн түгшүүрийг бууруулж, тайвширч сурахад хангалттай гэж үздэг. Иймд их хотын чимээ шуугианаас ангижирч гүн бясалгал хийх хамгийн хялбар аргуудаас хуваалцаж байгааг хүлээн авна уу.

Хүмүүс яагаад бясалгал хийдэг вэ?

Хүний бие махбод стресст орох үедээ үүнийгээ саармагжуулахын тулд норэпинефрин, адерналин дааврыг ялгаруулж, цаашлаад даралт ихсэх, зүрх хурдан цохилох, булчинд цусны урсгал нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин энэ үед бясалгал хийснээр дээрх бүх сөрөг шинжүүд арилж, нэг ёсондоо эсрэг урвал үүсдэг байна.

Хэрэв та бясалгалын төлөвт шилжиж, дасгалыг өдөр бүр хийвэл тархины үйл ажиллагааг эрс нэмэгдүүлдэг. Жишээ нь, бясалгал хийснээс 20 минутын дотор сэтгэлийн түгшүүр багасдаг бол 4 хоногийн дараа танин мэдэхүйн тестийг хялбар хийдэг болж, 8 долоо хоногийн дараа ой тогтоолт сайжирч, суралцах чадвар нэмэгддэг болох нь тогтоогджээ.

Бясалгалын төрлүүд

Бясалгалыг олон мянган жилийн турш өөр өөр соёл иргэншилтэй хүмүүс хийсээр ирсэн. Тиймдээ ч бясалгалын дараах төрлүүд байдаг:

  • Удирдлагатай бясалгал нь багшийн удирдлага, зааварчилгаан дор хийгддэг төрөл юм. Энэ нь юу хийх, ямар дарааллаар хийхийг чангаар тайлбарладаг өөр хүн эсвэл бичлэгтэй байдаг ба чанарын хувьд нэлээд өндөр үзүүлэлттэй.
  • Оюун санааны бясалгал нь бодитын сургаалд үндэслэдэг. Энэ нь хүн өөрийгөө илчлэх, бодол санаа, сэтгэл хөдлөлөө шинэ өнцгөөс харах, эргэн тойрныхоо ертөнцийн талаар дахин эргэцүүлэх боломжийг олгодог.
  • Хөдөлгөөнт бясалгал нь тайвшрах үйл явцыг бие махбодын оролцоотой хослуулан хийх арга юм. Мөн йог эсвэл тай чи дасгалууд нь үүний нэг хэсэг болдог.
  • Трансцендентал бясалгалын хувьд анхаарлаа юунд ч сарниулалгүй, зөвхөн нэг зүйлдээ төвлөрөх хандлагатай байдаг бөгөөд ингэснээр хүн цэвэр, ухамсрын байдал орох боломжтой.

Бясалгалыг хэрхэн хийх вэ?

Хэрэв танд цаг зав бага байгаа эсвэл анхлан суралцагч бол мэдээж энгийн техникүүдийг туршаад үзэх хэрэгтэй. Үүний тулд:

  • Эхлээд гудамжны чимээ шуугиан, утасны дуу гээд чимээ гарч болох бүх зүйлийг шалгаад маш нам гүм орчинг бүрдүүлнэ.
  • Суух газраа сонгоод алгаа өвдгөн дээрээ тавин нүдээ аниарай.
  • Дараа нь аажмаар гүнзгий амьсгаа аваад гаргана. Хэдэн минутын турш уг амьсгалын дасгалыг хийх хэрэгтэй. Ингэхдээ аль болох бодлоо цэгцлэхийг хичээнэ.
  • Цаашлаад дасгалаа гэнэт дуусгалгүй бага багаар нүдээ нээж эхлэх ба эхний үе шатанд эдгээр алхмууд л хангалттай байдаг

Тарни гэж юу вэ? Бясалгалын үед яагаад хослуулах ёстой вэ?

Ихэвчлэн бясалгалын үед хүн 10-20 минутын турш тодорхой дуу авиа хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлдэг ба үүнийг тарни хэмээн нэрлэдэг. Мөн та заавал буддын шашны тарни бус, өөрийн дуртай үг хэллэг эсвэл шүлгийн мөрийг тарни болгон оюун ухаандаа эргэцүүлэх боломжтой.

Бясалгалын үед тарнийг хэрхэн ашиглах вэ:

  • Тав тухтай сууж нуруугаараа ямар нэг зүйлд тулна.
  • Нүдээ аниад хэд хэд хэдэн удаа гүнзгий Амьсгаа аван гаргах ёстой.
  • Амьсгалын хэмнэлтэй хослуулан, тарниа аажмаар давтан үүний дуунд анхаарлаа хандуулаарай.
  • Ингэхдээ эхний 10 давталтыг чихэнд сонсогдохуйц уншиж, дараагийн 10 давталтыг сэтгэл дотроо уншина. Мэдээж энэ үед тарнийн бүх үг хэллэгт чин сэтгэлээ зориулан өөртөө шингээхийг хичээх ба тарнитай хослуулан хийсэн бясалгал илүү үр дүнтэй байдаг.
  • Бясалгалд зориулж гаргасан хугацаа дуусах хүртэл үүнийгээ үргэлжлүүлэх ба дараа нь аажмаар нүдээ нээж бясалгалыг дуусгана.

Зөвлөмж: Гаднын дуу чимээнд анхаарлаа алдахгүйн тулд чихний хөвөн, чихэвч зэргийг ашиглаж болно. Эсвэл намуухан хэмнэлтэй хөгжмийг аяархан тавиад үзээрэй.

Гүн бясалгал гэж юу вэ?

Энэ нь хүний ухамсрыг хэсэгчлэн эсвэл бүрмөсөн сарниулдаг бясалгалын төрөл юм. Үүнийг хийсний дараа та эргэн тойрныхоо физик орон зайг мэдрэхээ больж, хүмүүсийн тэр ч байтугай өөрийнхөө ухамсрыг анзаарах болно.

Үүний тулд танд амар амгалан, тав тухтай байрлал хэрэгтэй. Гол нь ямар ч чимээгүй, хэн ч саад болохгүй газар суугаад анхаарлаа хүссэн зүйлдээ төвлөрүүлж, гаднын бодол төрөх болгондоо дахин шинээр эхлээрэй. Мөн таны оюун ухаан бие махбодтой хэрхэн холбогдож буйг мэдрэх нь чухал. Гэхдээ хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд тогтмол дасгал хийх хэрэгтэйг санаарай.

Бясалгалын үеэр хэрхэн зөв амьсгалах вэ?

Зөв амьсгалахын тулд гараа урагш сунгаж байгаад зурагт үзүүлсэн шиг хурууныхаа нэг талыг хараагаараа гүйлгэх ба энэ хоорондоо амьсгалаа авч нөгөө тал ирмэгц амьсгалаа гаргана. Гол нь энэ хэмнэлийг сурч аваад бясалгал хийхдээ ашиглаарай.

Бясалгалыг илүү сайн сурахыг хүсэж буй хүмүүст зориулсан зөвлөмж

  • Бясалгал танд тохирох үгүйг шийдэхийн тулд нэг юм уу, хоёр долоо хоног богино бясалгал хийгээрэй.
  • Эхэндээ тусгай зааварчилгаатай бичлэг сонсоод хийвэл хялбар байна.
  • Хамт бясалгал хийдэг бүлэгт элсэж болно.
  • Анхлан суралцагчид хэвтэж бясалгал хийж болохгүй ба санамсаргүйгээр унтах магадлалтай.
  • Бясалгалын үеэр хамар чөлөөтэй, бүх бие сул, тайван байх ёстойг дахин анхаараарай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!