Өдгөө 60 нас дөхөж яваа ч улам үзэсгэлэнтэй болсоор байгаа дуучин С.Эрдэнэцэцэг

“Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм…” хэмээн дуулж 1990-ээд онд монголчуудыг байлдан дагуулж байсан МУГЖ С.Эрдэнэцэцэгийг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Сугар овогтой Эрэдэнэцэг 1969 онд төрсөн, өдгөө 53 настай. Тэрбээр СУИС-ийн уртын дуу дуулаачийн ангийн дүүргэсэн мэргэжлийн дуулаач юм.

УДБЭЧ-д 1988 онд орж уран бүтээлийн гараагаа эхлэн одоог хүртэл дуулж буй. У.Далантайтай хослон дуулсан “Сэтгэлийн үг” дуу нь Монголын радиод хамгийн их захиалагддаг, ёстой л байлдан дагуулсан уран бүтээл болсноор залуу дуучин бүсгүй олны танил болсон юм.

Тэрээр “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн Дэжид зэрэг гол дүрд тоглож, “Нарны домог”, “Бөртэ чоно” зэрэг бүжгийн жүжгүүдэд жүжиглэсэн байна. Мөн чуулгынхаа томоохон уран бүтээл болох “Монгол түмний дуулал 1, 2”, “Монгол түмний ая эгшгийн зээ нийлэх найр” зэрэг олон концертод “Дөрвөн цагийн тал”, “Дэлхий минь, хүмүүс минь”, “Насны хань” зэрэг 150 шахам дууг чадварлаг гоцлон дуулсан байна.

Монгол ардын дуу “Хар торгон хамжаар”, “Ян тайван гөөгөө”, “Бүсгүй хүний заяа”, монгол ардын уртын дуу “Энх мэндийн баяр”, “Уяхан замбуутивийн наран” зэрэг 40 гаруй дууг дахин амилуулжээ.

2004 онд Улаанбаатар хотноо болсон “Зууны манлай уртын дууч” Ж.Дорждагвын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уртын дуу дуулаачдын олон улсын наадмын тэргүүн шагнал алтан медаль, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон уртын дуу дуулаачдын олон улсын наадмаас тэргүүн шагнал Гран при хүртсэн чадварлаг дуучин юм.

Тэрээр чамгүй жүжигчин. Монголын уран сайхны “Би эндээс явахгүй”, “Эргүүлэг” зэрэг хэд хэдэн киноны дуу дуулж, “Догшин хутагтын сахиус” киноны Мядаг, “Хааны сүүлчийн хатан” киноны хатан зэрэг киноны дүрийг амжилттай бүтээжээ.

Түүнийг 2005 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнасан юм.

Олны харцыг булаасан сайхан бүсгүйн хувийн амьдрал цаг үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байсан гэхэд хилсдэхгүй. Түүнийг хослон дуулдаг У.Далантайтай хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдардаг хэмээн тухайн үеийн шар хэвлэлүүд бичдэг байсан ч хожим С.Эрдэнэцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хоёр урлагаар холбогдсон уран бүтээлийн найзууд. Хэн хэн нь гэр бүлгүй, залуухан хос дуучид байсан учраас ард түмэн “Энэ хоёр дуучныг нийлүүлчих юмсан” гэж хүсдэг бас ярилцдаг байсан. Шар хэвлэлээр бид хоёрыг олон жил холбож ярилаа. Бидний дунд хайр сэтгэлийн ямар ч холбоо байгаагүй. Тэр ч байтугай бид хоёрыг хамтран амьдраад салсан гэж ярьдаг. Үнэндээ бидний дунд тийм харилцаа байгаагүй. Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй” хэмээн тэр үеийн мэдээллийг худлаа гэдгийг баталсан юм.

Үүнээс хойш ч түүний талаарх элдэв цуурхал тасраагүй. Түүнийг япон баян хөгшинтэй сууж гэнэ, сумо бөхтэй холбоотой гэх мэтээр олон янзын таамаг тасраагүй ч дуучин бүсгүй тэр бүрт тайлбар өгч, хэл ам болсонгүй өөрийнхөөрөө чимээгүйхэн амьдарсаар ирсэн.

Хамгийн сүүлд л гэхэд С.Эрдэнэцэцэгийг өөрөөсөө 17 насаар дүү залуутай хамтран амьдарч эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж байв.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хамт ажилладаг залуу дуучин Э.Чинчулуун уг мэдээлэлд дурьдагдсан ч тэд албан ёсоор өөрсдийн харилцаагаа батлан зарласан зүйл одоогоор байхгүй аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!