Ард түмнээ “УЛны айлууд” хэмээн доромжилсон Д.Сарангэрэл сайдыг огцрууллаа

Д.Амарбаясгалан: Өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн ХНХ-ын сайд Д.Сарангэрэл сайдын хэлсэн үг олны дургүйцлийг хүргэж байна. Иргэддээ бухимдал үүсгэсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монголын нийт ард түмний өмнөөс хүлцэл өчье. Д.Сарангэрэл сайд Засгийн газрын гишүүний хувьд, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн учир Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах захирамж гаргалаа гэв.

Мөн хариуцлагагүй, ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ салбарын сайд Д.Сарангэрэл ёс зүйн алдаа гаргаснаа ухамсарлаж, өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан гэдгийг тэрбээр хэллээ.

Ерөнхий сайд МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж УИХ, ЗГ-т сонгогдон ажиллаж буй улс төрчидтэй хариуцлага, ёс зүйн гэрээ хийдэг. Наймдугаар сарын 30-нд шинэ сайд нар албан ёсоор ажилдаа томилогдсон өдөр тус гэрээг үзэглэсэн байдаг. Тус гэрээний дагуу Д.Сарангэрэл сайдын асуудал шийдэгдсэн гэдгийг тэрбээр хэллээ.

Тэгвэл дараагийн сайд томилогдох хүртэлх хугацаанд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллах юм байна.

Түүнчлэн Д.Сарангэрэл сайд хэлэлцүүлгийн үеэр манай яамныхан иргэдийг давхаргаар нь ангилдаг гэж хэлсэн билээ. Үүнтэй холбогдуулж яаманд өнөөдрөөс эхлэн шалгалт оруулж, нийгмийн давхарга болон иргэдийг ангилж байгаа байдалд хяналт шалгалт хийж, эргээд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэддээ мэдээлнэ гэдгийг ГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!