Сул талаа давуу тал болгон ашиглаж, олон сая дагагчтай од болж чадсан бүсгүй

Хирсутизм буюу эмэгтэй хүний биеийн аль нэг хэсэгт их хэмжээний хар үс ургах үзэгдэл нь охид бүсгүйчүүдийн дунд ховор тохиолддог нэгэн төрлийн эмгэг юм. Тус эмгэгтэй Харнаам Каур гэх бүсгүй ургасан үс сахлаа хусах биш, харин ч улам ургуулж, үүнийгээ өөрийн давуу талаа болгон ашиглах болсон байна. Түүний өвөрмөц төрх хүмүүсийн анхаарлыг татаж, сошиал од болгож чаджээ. Хамтдаа түүний амьдралтай танилцацгаая.

Харнаам Каур бол Англид амьдардаг 31 настай эмэгтэй юм. Түүнд бусдаас ялгараад байх зүйл байхгүй ч, нэг ялгаатай зүйл нь сахал. Тэрээр угтаа тун ч эмэгтэйлэг нэгэн боловч олон уйланхайт өндгөвчний хам шинжийн улмаас хирсутизм гэж нэрлэгддэг онцгой эмгэгтэй болж, сахал их хэмжээгээр ургах болжээ. Эхэндээ тэрээр сахлаа өдөр бүхэн хусдаг байсан ч, сүүлдээ өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, сахлаа ургуулж эхэлсэн байна. Харин одоо тэрээр сахлаа гоёмсог даашинз, гоёмсог будалттай төгс хослуулж, гоо үзэсгэлэн нь ганц сахлаас хамааралтай бус гэдгийг батлаад байгаа юм.

Тэрээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, дуу хоолойгоо бусдад түгээсээр тун ч алдартай нэгэн болсон бөгөөд өөрийн ярилцлага, нийтлэл зэргээ алдартай сэтгүүлүүдэд хэвлүүлж, олон бүсгүйчүүдийг төлөөлж дэлхийн хамгийн нэр хүндтэй “Cosmopolitan”, “Glamour” зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан удаатай.

Бүсгүй өөрийн өвөрмөц дүр төрхийн талаар дурдахдаа “Эмэгтэй хүмүүсийг ямагт гадаад төрх байдлаар нь шүүж шүүмжилдэг. Ямагт төгс төгөлдөр байхыг шаардаж, багахан өнгө зүс алдахад л хэдэн талаас нь байцааж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг. Үргэлж л гялалзаж, нүүрэндээ инээмсэглэл тодруулж, супер байх ёстой мэтээр тулгадаг. Намайг л гэхэд сахлаас минь бүгд шоолж, гоочилж, үнэхээр өөрийгөө үзэн ядахад ч хүргэж байсан. Гэсэн ч би өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлахад суралцсан. Бусдын үгнээс айж, өөрийгөө нууж, буланд шигдэхийн оронд өөрийнхөө төлөө, өөртэйгээ адил бусдын төлөө дуугарах ёстойг ойлгосон. Бид бүгд нэг хэвэнд цутгасан мэт байх албагүй. Бүгд өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг. Охид бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй, өөртөө хайртай байгаасай гэж хүсдэг” хэмээжээ.

Түүний зоримог үг үйлдэл олон бүсгүйчүүдэд итгэл хайрлаж, өдгөө сошиал алдартан, инфлюнсер болж чаджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!