Уурхайн ээлжээсээ буугаад нүүрээ ч угааж амжилгүй хүүтэйгээ тоглолт үзэхээр ирсэн аав интернэт од болж байна

Саяхан Кентаккигийн их сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр авсан зураг олон нийтийн сүлжээгээр таржээ. Зурган дээр харагдах үзэгч нь бага насны хүүтэйгээ хамт суух бөгөөд ажлын хувцастай, гар нүүр нь нүүрсний тоосонд бүрхэгдсэн харагдана. Түүний энэхүү зураг сошиалд алдаршиж, хэдэн арван мянган лайк авах болсон шалтгааныг доор сийрүүлье.

Түүнийг Майкл МакГайр гэдэг бөгөөд 3 настай хүүгийнхээ хамтаар сагсанбөмбөгийн тоглолт үзэхээр ирсэн нь энэ. Тэрээр уурхайд шөнийн ээлжинд гардаг бөгөөд хүүтэйгээ амьдралынх нь анхны тоглолтыг үзнэ гэж амласан байсан тул ажлаасаа гараад шүршүүрт орж, хувцсаа ч сольж амжилгүй яаран ирсэн аж. Түүний эхнэр хүүг тоглолт болох газар авчирж, аавд нь хүлээлгэж өгөөд ажилдаа явсан байна.

Аав хүү хоёр тоглолтыг анхааралтай үзэж суухад гэрэл зурагчин түүний зургийг авч, сагсанбөмбөгийн багийн пейж хуудаснаа байршуулжээ. Хүмүүс сэтгэгдэл хэсэгт түүнийг бохир заваан гэхчлэн муухайгаар хэлж байсан тул Майклын эхнэр Молли тухайн өдөр чухам юу болсон талаар бодит үнэнг бичсэн нь сошиалд гайхалтай аавын тухай нэгэн түүх хөврөх болсон юм.  Тус гэрэл зургийг авсан бүсгүй “Тэр үнэхээр ядарсан харагдаж байсан. Гэсэн ч хүү рүүгээ харж дулаахан инээгээд, төвөгшөөлгүй асуулт бүрт нь хариулж байгаа харагдсан” хэмээжээ.

Хүүгийнхээ урмыг хугалахгүйн тулд өөрийн харагдах байдал, бусад зүйлсээ гаргуунд гаргаж, яаран яаран ирсэн аав бяцхан хүүгийнхээ амьдралд хамгийн гайхалтай дурсамжийг бүтээж чаджээ. Олон аавууд түүнээс үлгэрлэж, амласан бол биелүүлж, амжихгүй бол заавал урьдчилж хэлж байх талаар ухаалаг үгс, сургаалиуд сошиалаар хөврөх болсон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!