Бразил бүсгүйчүүдийн бага залуугаасаа сурч мэдэж, ашигласаар ирсэн гоо сайхны аргууд

Бразил эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгээрээ алдартай. Эрүүл үс, гэрэлтсэн арьс, гоолиг бие галбир, эмэгтэйлэг зан байдал гээд бүх зүйлээрээ бусад орны бүсгүйчүүдээс ялгарч, эрхгүй цагаахан атаархал төрүүлдэг билээ. Тэгвэл тэдний нууц чухам юунд оршдог болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Кокосын ус уудаг

Кокосын ус нь олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг тул арьсыг сайн чийгшүүлж, гялалзсан болгодог. Хэрэв та хуурайшилтай, батга ихтэй арьстай бол кокосын усыг нүүрэндээ түрхээрэй. Мөн үүнийг ууж хэвших нь арьсанд чийгшил өгч, хуурайшилт, үрчлээсээс сэргийлэх тустай юм.

Алдарт Викториа Секретийн загвар өмсөгч Адриана Лима “Кокосын ус нь арьсыг дотроос нь эмчилж, гэрэлтсэн болгодог. Бас сайхан амттай учраас би байнга уудаг” хэмээн ярьж байсан билээ.

Луувангийн шүүс уух

Луувангийн шүүс нь эрүүл мэндэд маш их ач тустай. Энэ нь дархлааг дэмжиж, арьсны байдлыг сайжруулдаг төдийгүй нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Мөн луувангийн шүүс нь коллагены үйлдвэрлэлийг дэмждэг маш их хэмжээний витамин С агуулдаг бөгөөд коллаген нь арьсыг уян хатан болгохоос гадна нарны туяанаас хамгаалдаг.

Үс болон арьсандаа давстай ус түрхэх

Хэрэв та хуйхандаа чийгшил өгч, үсээ намирсан болгохыг хүсч байвал үсээ давстай усаар шавших хэрэгтэй. Давстай ус үсэнд төдийгүй арьсанд ч сайн. Энэ нь экземийг эмчлэхэд үр дүнтэй бөгөөд арьсны харшлын урвалыг зөөлрүүлж, арьсыг гуужуулдаг. Бразилийн загвар өмсөгчид давстай усаар нүүр болон үсээ шавьшиж, улам бүр үзэсгэлэнтэй болсоор байна.

Хоол хүнсэндээ замаг нэмэх

Ер нь далайн ургамал бидний биед маш их ашиг тустай. Жингээ хасах, арьсаа эмчлэх, зүрх судасны өвчнөөс сэргийлэх гэх мэтчилэн олон давуу тал бий. Замаг нь үрэвслийн эсрэг болон антиоксидант шинж чанартай тул арьсны ерөнхий байдалд эерэг нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна замаг нь арьсыг чийгшүүлж, батга гарахаас сэргийлж, арьсны өнгийг жигд болгох төдийгүй хөгшрөлтийг удаашруулдаг ашигтай тэжээл юм. Та далайн байцаа болон бусад далайн ургамлыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Акай тос агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх

Acai жимсийг Бразилийн “супер жимс” гэж нэрлэдэг. Тус жимс нь гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө зэргээс илүү антиоксидант агуулдаг. Та акай тос агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болох бөгөөд энэ нь таны арьсыг чийглэг, толигор харагдуулна. Үүнээс гадна акай тос нь сорвийг бүдгэрүүлж, язралтыг арилгах зэрэг онцгой чадвартай.

Бор сахарыг нүүр болон биеийн скраб болгон хэрэглэх

Бор сахар ашиглаж арьсаа гуужуулаад үзээрэй. Бор сахарыг кокосын тостой хольж бэлтгээд нүүр болон биеийн арьсаа гуужуулж болно. Дараа нь сайтар угааж арилгах ёстойг анхаараарай. Энэ нь арьсыг гэрэлтсэн толигор, зөөлөн болгох аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!