Мөнгөө сайтар хэмнэж, санхүүгийн сахилга баттай байхад туслах худалдан авалтын аргууд

Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэх дуртай байдаг. Гэхдээ тодорхой хэдэн дүрмийг баримталж, өөрийгөө хэрэгцээгүй худалдан авалт хийхээс сэргийлэхгүй бол супермаркет, дэлгүүрүүдийн арганд орж, төлөвлөөгүй зүйлс авч, хэт их мөнгө үрэх болно. Ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй тул хэт их мөнгийг хэрэгцээгүй зүйлс худалдан авахад зориулж, санхүүгийн сахилга батгүй үйлдэл гаргадаг. Иймд өнөөдөр та бүхэндээ зориулж, дэлгүүр орохдоо шаардлагагүй зүйлс худалдан авахаас сэргийлэх хэд хэдэн аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Дэлгүүр явахаас өмнө ус уух

Нидерландын Твенте их сургуулийн судалгаагаар дэлгүүр хэсэхээсээ өмнө их хэмжээний ус уух нь таны санхүүгийн зарцуулалтад сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Давсаг дүүрэн байх, толгойд зөвхөн тэр бодол л эргэлдэж байх нь хүмүүст хэрэгцээгүй зүйл худалдаж авах хүслээ хянахад тусалдаг гэж дүгнэсэн байна. Хэрэгцээтэй зүйлсээ хурдхан худалдаж авчихаад ариун цэврийн өрөө рүү яарах тул төлөвлөж бодоогүй зүйлс рүү толгойгоо эргүүлж харахчгүй.

Шинэ мөнгөн дэвсгэрт ашигла

Өөр нэг судалгаагаар шинэ мөнгөн дэвсгэрт авч явах нь дэлгүүрт бага мөнгө үрэх хүчин зүйл болдог гэж үзсэн байна.  Хуучирсан дэвсгэртүүд нь хүмүүст тэднээс салах ёстой мэт сэтгэгдэл төрүүлдэг тул хэрэгтэй хэрэгүй зүйлс худалдаж авдаг. Нөгөөтэйгүүр, цоо шинэ мөнгө нь тэдэнд илүү хүчтэй мэдрэмж төрүүлж, боломжтой бол хэтэвчиндээ удаан байлгахыг хичээдэг.

Худалдааны туслахуудтай хэт найрсаг харьцаж болохгүй.

Худалдааны зөвлөх, туслахуудтай хэт ойр дотно байж, тэдний үгэнд орох хэрэггүй. Учир нь тэд эелдэг харьцаагаар таныг ховсдож, олон төрлийн сонголт үзүүлж, эцэст нь огт авна гэж бодоогүй, танд онцын шаардлагагүй зүйлсийг авчихсан явж байх жишээний. Тиймээс шаардлагатай биш бол худалдааны туслахуудтай удаан ярилцаж, тэднийг дагаж дэлгүүрийг тойрох хэрэггүй.

Том сагснаас татгалз

Таны барьж яваа сагс хэр том байгаагаас хамаарч, худалдаж авах зүйлс чинь тийм л байх болно. Бараагаар дүүрэн дэлгүүрээр тойрч яваа тохиолдолд авах шаардлагагүй боловч өнгө төрх, амтад нь хууртаж олон төрлийн зүйлс авчихаад л явж байдаг. Тиймээс та мөнгөө зөвхөн хэрэгцээтэй зүйлдээ зарцуулахыг хүсч байгаа бол үргэлж жижиг сагс авч байгаарай.

Өндөр өсгийтэй гутал өмсөх нь танд тус болж магадгүй

Өсгийтэй гутал өмсчихөөд дэлгүүр хэсэх амар ажил биш гэдэгтэй эмэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Удаан алхаад, таарсан бүхнээ сонжиж хараад явбал хөл өвдөөд эхлэх учраас яг л авахаар зорьж гарсан зүйлсээ сонгож авдаг байна. Тиймээс та өөрийгөө хэт их зүйлс авч мөнгөө үрэхээс сэргийлэхийг хүсч байвал хөлдөө өсгийтэй гутал өмсөөд гараарай.

Бэлэн мөнгө авч гарах

Дэлгүүр орохдоо картаа орхиж байхыг хичээгээрэй. Харин тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй гарч дэлгүүр орсноор тэр мөнгөнөөсөө хэтрүүлж, илүү зүйлс худалдан авах боломжгүй болно. Энэ нь таныг сэтгэл хөдлөлөөр гэнэтийн хэрэггүй зүйлс худалдаж авахаас сэргийлэх юм.

Дэлгүүр хэсч байхдаа бохь зажил

Дэлгүүрүүд ихэвчлэн үнэрийн хүчийг ашиглан худалдан авагчдыг өөртөө татаж, төлөвлөснөөс илүү мөнгө үрэхэд хүргэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд бохь зажилж, гаа хүлхэж болох юм. Энэ нь таныг бусад үнэрт сатаарахгүй байхад тусална.

Хүн ихтэй дэлгүүрийг сонго

Хүн олноор үйлчлүүлдэг дэлгүүр орж байхыг хичээ. Ингэснээр та илүү дутуу зүйлсийг үзэж, авах эсэхдээ эргэлзэж, мөнгө болон цаг хугацаагаа дэмий үрэхгүй. Зөвхөн авахаар төлөвлөсөн зүйлсээ аваад л хурдхан гарч явахыг хүсэх нь гарцаагүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!