Ээж болсныхоо дараа улам бүр хүчтэйгээр эргэн ирсэн холимог тулааны дэлхийн аварга бүсгүй

Канад гаралтай Америкийн тамирчин Анжела Сын Жү Ли 19 настайдаа дэлхийн аварга болсноор тус цолыг хүртсэн хамгийн залуу хүн болсон билээ. Ли гэр бүлээ зохиож, ээж болохоор спортоос түр завсарлага авсан бөгөөд ээж болсны дараа рингэн дээр эргэн гарч, ээж нар ямар хүчтэй болохыг мэдрүүлсэн юм.

Хамгийн залуудаа холимог тулааны дэлхийн аварга цол хүртсэн нэгэн

Ли Ванкуверт төрсөн бөгөөд 7 настайдаа гэр бүлийн хамтаар Хавай руу нүүжээ. Тэрээр бага наснаасаа тулааны спортоор хичээллэж, 6 настайгаасаа тэмцээнд оролцож эхэлсэн байна. Холимог тулааны дэлхийн аварга болсны дараа хайртай залуутайгаа гэрлэж, хүүхэд төрүүлэхээр карьераа түр орхисон юм.

Гэр бүлийнхээ төлөө карьераа орхисон

Ли болон түүний нөхөр Бруно Пуччи нар анхны хүүхэд, охин Ава Мари Пуччигаа 2021 оны 4-р сарын 16-нд өлгийдөн авчээ. Бүсгүй үргэлж ээж болохыг хүсч мөрөөдөж байсан тул жирэмсэн өдрүүд түүний хувьд хамгийн аз жаргалтай хүлээлт, догдлол хайраар дүүрэн байсныг онцолжээ. Маш амжилттай явсан тамирчин бүсгүй карьерынхаа ид үед бүхнээ орхиж, ээж болохоор шийдсэн нь олон хүнийг гайхшруулж орхисон юм. Угтаа тэрээр ээж болж завсарлахын оронд дахиад багахан хичээсэн бол бүр илүү амжилтад хүрэхэд ойрхон байсныг спортынхон онцолж байв. Гэсэн ч тэрээр гэр бүлээ сонгож, спортын карьераа орхисон юм.

Түүнийг ээж болохоос нь өмнө “зогсооход бэрх хүчтэн” гэж нэрлэж байсан бол, ээж болоод рингэн дээр эргээд ирсний дараа “зогсоох боломжгүй” гэж нэрлэх болжээ.

Тэр ээж болохоос өмнө тун ч хүчтэй, мэдрэмжтэй, эрч хүчтэй тамирчин байсан. Харин хүүхдээ төрүүлж, ээж болоод эргээд спортод ирэхдээ улам бүр хүчирхэг, ухаалаг, тэвчээртэй нэгэн болсон байв. Бүсгүй энэ талаараа “Ээж болсны дараа би дотроосоо хүч мэдрэх шиг болсон. Миний зорилго илүү томорч, амьдрал минь илүү утга учиртай болж ирсэн. Надад одоо хичээх шалтгаан гарч ирсэн. Түүнийхээ төлөө би илүү хүчтэй байх болно” хэмээжээ.

Түүний хэлсэн бүхэн бодит үнэн болж хувирсан.

Ли одоо 26 настай. Тэр хэлсэндээ хүрч, хүүхдийнхээ төлөө илүү хүчтэйгээр эргэн ирсэн юм. 2022 оны 3-р сарын 26-нд болсон ONE X тэмцээний үеэр Stamp Fairtex-ийг ялж, маш том мэдэгдэл хийсэн билээ. Тэр ердөө 2 раундын дараа гэхэд өрсөлдөгчөө буулгаж авчихсан.

Бүсгүй хүүхдээ төрүүлснээс хойш 6 сарын дараагаас дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн. Нэг жилийн дараа гэхэд бэлтгэлдээ орсон байв. Мэдээж түүний биед олон өөрчлөлт гарсан. Өмнөх шигээ эрч хүчтэй, хэзээ ч ядардаггүй, өвдөггүй байхаа больчихсон. Мартаж санах нь ихсээд, багахан бэлтгэл хийхэд л ядарч уначих гээд. Бие нь илүү сул дорой болсон мэт санагдаж байсан ч, түүний сэтгэл зүй илүү хүчтэй болсныг мэдэрч байв. Маш их бэлтгэл, маш их хичээл зүтгэлийн үр дүнд тэрээр эргэн рингэн дээр гарч, ялалт байгуулан нэр алдраа мандуулж байгаа билээ.

Анжела Лигийн хайраар дүүрэн гэр бүл

Түүний нөхөр Лиг хамгаас ихээр дэмждэг. Тэд хүүхдээ хамт өсгөж, нэг нэгэндээ чөлөөт цаг гаргаж өгөхийг хичээдэг болохоо хуваалцжээ. Лигийн хувьд өглөөний цагаар бэлтгэлээ хийж, өдөр орой хүүхдээ хардаг аж. Хүүхдээ өдөр өдрөөр өсч томорч байгааг харах түүнд хамгаас их аз жаргалыг бэлэглэдэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!