Эмэгтэй хүн бүр гүнж шиг төгс байх ёстой гэх ойлголтыг халж чадсан Диснейн эмэгтэй баатрууд

Эмэгтэй хүн бүр хүүхэд байхдаа гүнж болохыг мөрөөддөг. Гүнж гэх ойлголтыг харин бид Диснейн хүүхэлдэйн киноноос л авдаг гэхэд хилсдэхгүй. Харин тус кинонуудад гүнжийг үзэсгэлэнтэй, даруу төлөв зантай, гоолиг бие галбиртай, эмэгтэйлэг зан чанартай гэх мэтчилэн харагдуулдаг билээ. Эмэгтэй хүн бүр яг л ийм байх ёстой мэтээр харуулсаар олон арван жилийг үдсэн. Гэхдээ сүүлийн үед эмэгтэй гол дүр, гүнж гэх ойлголтыг өөрчилж байгаа нь сайшаалтай. Гоо сайхны стандартыг эвдэж чадсан Диснейн гүнжүүдийг танилцуулж байна.

“Reflect” – Бианка

Бианка бие махбодийн дисморфи буюу сэтгэцийн эмгэгтэй тэмцдэг дүр. Өөрийгөө үргэлж дутуугаар мэдэрч, хэзээ ч хайрладаггүй. Гэсэн ч киноны явцад тэрээр өөрийгөө байгаагаар нь хүлээж авах, хайрлах хэчнээн чухал болохыг ойлгодог. Үүгээр дамжуулж, стандартад нийцэх гэж өөрийгөө голдог охид бүсгүйчүүдэд урам зориг өгсөн билээ.

Моана

Моанагийн дүр бол тун өвөрмөц. Тэр ямар нэгэн ханхүү ирж өөрийг нь бас улсыг нь аврахыг хүлээдэггүй. Моана өөрөө өөрийнхөө эзэн нь байж, өөртөө итгэж чадаж байгаа нь түүнийг бусад гүнж нараас эрхгүй ялгаруулдаг билээ.

“Brave” – Мерида

Мерида бол хүчирхэг, бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн. Улс төрийн ашиг сонирхлын үүднээс хүчээр гэрлэхэд хүрэхэд охин татгалзаж, гэрээсээ зугтдаг. Энэ нь түүнийг хэчнээн зоригтой болохыг харуулах бөгөөд бусдаас хамааралгүйгээр өөрөө шийдвэр гаргаж, үүнийхээ хариуцлагыг ч хүлээж чаддаг. Мөн тэр бусад Диснейн гүнж нар шиг төгс төгөлдөр, ялдам ааш зантай ч биш. Гэсэн ч өөртөө үнэнч байсаар амьдралд ялж буйг харуулдаг.

Мулан

Мулан бол зоригтой, ухаалаг охины төлөөлөл. Тэр аавынхаа оронд цэрэгт мордож, дайны талбарт олон эрсийн амийг аварч, улс орондоо томоохон гавъяа байгуулдаг. Охид зөвхөн гэртээ суух ёстой гэх ойлголтыг халж, олон охидод та нарт ч бас хүч бий гэдгийг ойлгуулсан билээ.

“Lilo & Stitch” – Нани Пелекай

Бяцхан дүүгээ харж хандаж, амьдралаа авч явдаг охин. Эрчүүд болон бусдаас хамааралгүйгээр хангалттай хичээж амьдардаг бөгөөд цондойж гарч ирсэн бяцхан гэдэснээсээ, гадаад төрхөөсөө ичдэггүй. Эмэгтэйчүүд бүгд нэг хэвэнд цутгасан мэт харвингүй, гоолиг байх ёстой стандарт түүнд үл үйлчилнэ.

“Encanto” – Мирабел Мадригал

Мирабел Мадригал бол нүдний шил зүүдэг, богино буржгар үстэй охин бөгөөд түүний байгаа байдал олон охид бүсгүйчүүдэд таалагдах нь гарцаагүй. Тэр гүнж гэсэн хэвшмэл ойлголтод тохирохгүй байж болох ч түүний эелдэг зөөлөн зан чанар, зоригтой байдал, халуун дулаан сэтгэл зэрэг нь бусдаас ялгаруулдаг.

“Encanto” – Луиса Мадригал

Тэр булчинлаг боловч эрэгтэйлэг биш. Тэр эмзэг, мэдрэмтгий боловч сул дорой биш. Мөн тэрээр өөрийн амьдрал, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалдаг. Харин та түүнийг гарч ирэх хүртэл ийм догь Диснейн баатар харж байгаагүй л биз дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!