Хар салхины үеэр хаалгаа онгорхой орхисон бүсгүйн гэрт гэнэтийн зочид иржээ

Энэ дэлхий дээр зөвхөн хүмүүс л амьдардаггүй. Ан амьтад, ургамал гээд амьтай бодгаль бүхэн дэлхий гэх гарагийн эзэд билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хүн болон амьтдын хайр татам харилцааны холбооны талаар нэгэн сонирхолтой түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.

Ойгоос ирсэн зочид

Кэти гэх бүсгүйн байшин ойгоос холгүй байрладаг бөгөөд тэдний арын хашаанд ойн амьтад зочлох нь элбэг. Хэрэм, буга, өмхий хүрэн, туулай гэхчлэн ойн амьтад тэдний хашаанд цугларч, Кэтигийн өгсөн хоолноос идэж, хамтдаа тоглодог байсан аж. Яг л Цасан гоогийн үлгэрийг танд санагдуулж байгаа биз.

Гэнэтийн айлчлал

Нэгэн өдөр хүчтэй салхи салхирч, аадар шаагиж тэнгэр муухайрсан байна. Бүсгүй арын хашаагаа шалгаж, ямар ч амьтан ирээгүй байгааг харчихаад тэдэнд битүүхэн санаагаа чилээж, хэсэг гадаа харзнаж зогссон байна. Гадаа харанхуй болж, салхи ширүүссэн тул Кэти гэртээ орж иртэл 3 бяцхан янзага хэдийн ороод ирчихсэн ширээний хажууд тухлан хэвтэж байв.

Тэд цаг агаар муудсан тул хуурай, дулаан газар хайж тэдний гэрт урилгагүйгээр ирсэн нь энэ. Бүсгүй тэднийг харан өхөөрдөж, дулаахан гэртээ хонуулсан байна.

Үүнээс хойш бяцхан буганууд тэдний гэрээр ойр ойрхон зочилж, хашаанаас нь салахаар больсон гэнэ. Кэти яг л амьтдын хүрээлэнд амьдарч буй мэт санагддаг тухайгаа хуваалцжээ. Тэрээр ой мод, амьтад дунд амьдрах нь аз жаргал, амар тайван байдлыг бэлэглэж байгааг хэлээд, нэг л өдөр тэднийг ирэхгүй бол санаа зовж, ихэд санадаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!