Хосуудын хайр дурлалын харилцаа удаан үргэлжлэхгүйг илтгэх шинж тэмдгүүд

Хэрэв хос 2 өмнө нь гэрлэж байсан бол салах магадлал анхны гэрлэлтээс 90% хувь илүү байдгийг мэдэх үү? Гэхдээ бүх зүйл үүнээс шалтгаалахгүй нь мэдээж бөгөөд тэдний зан ааш, суурь хүмүүжил, орчны нөлөө зэргээс ч мөн хамаардаг. Тиймээс хосуудын харилцаа цаашдаа тийм ч удаан оршин тогтнохгүйг илэрхийлэх 8 шинжийг дараах мэдээлэлд багтаасныг хүлээн авна уу. Гэхдээ уг нийтлэл нь зөвхөн мэдээллийн шинж чанартай бөгөөд энэ нь таны салах шалтгаан бус зөвхөн эсрэг хүйснийхээ зан төлөвт дүн шинжилгээ хийх боломж болж болохыг сануулъя.

  1. Санхүүгийн байнгын асуудал

Хосын харилцаанд санхүүгийн түр зуурын бэрхшээл тулгарах нь байж болох зүйл бөгөөд энэ үед хамтын хүчээр даван туулах нь хамгийн хүнлэг чанар юм. Гэсэн хэдий ч гэр бүл салалтын гол шалтгаануудын нэгд мөнгөний асуудал орж байгаа учраас уг хүндрэл байнга тулгардаг бол харилцаагаа бодолцож үзсэн нь дээр.

  1. Хамтрагчийнхаа хүсэл сонирхлыг харгалзалгүй хувийн амьдралаа олон нийтэд ил болгох

Технологийн эрин зуунд хүмүүс сошиал медиа, мессенжер, онлайн тоглоомонд ихээр анхаарлаа хандуулж, хосын харилцаандаа эрүүл бус байдлыг бий болгосоор байна. Тиймдээ ч интернэтийн донтолтоос болж  хамтрагчийнхаа хүсэл сонирхлыг нь асуулгүй түүний зураг, бичлэгийг ил болгож, хувийн орон зайд нь халдах тохиолдол цөөнгүй бий. Гэвч энэ нь нөгөө талынхаа бодол санааг хүндэтгэхгүй байгааг илэрхийлэх бас нэг шинж болдог.

  1. Ололт амжилтыг нь үнэлэхгүй байх

Хэрэв таны хамтрагч амжилт гаргах тоолонд дутуу үнэлж байвал мэдээж түүнээс дэмжлэг хүлээх хэрэггүй гэсэн үг юм. Гэхдээ шүүмжлэл дунд бүтээлч шүүмжлэл гэж байдаг бөгөөд энэ нь таныг илүү хурцалж өгөх зорилготой байдаг. Жишээ нь:

“Чи их сайн ажиллалаа. Одоо Испани хэлээ сайжруулчихвал илүү ахицтай байх болно” гэх мэт. Харин үүний зэрэгцээ “Гадаад хэл мэдэхгүй байж явах хэрэггүй” гэсэн хэв маягаар ярих нь сөрөг хандлага юм.

  1. Түүний дэргэд тухгүй байх

Ганцаараа эсвэл бусадтай байхаас илүү эсрэг хүйстнийхээ дэргэд тухгүй байгаа мэт мэдрэх, цаашлаад толгой нуруу өвдөх, бие тавгүйрхэх мэдрэмж төрж байвал эдгээр нь түгшүүрийн шинж байдаг. Өөрөөр хэлбэл түүнтэй хамт баймааргүйг илэрхийлж байгаа ба яагаад ийм зүйл мэдэрч буйгаа бодолцож үзээрэй.

  1. Бие биенээ сонсохгүй байнга саад болох

Гэр бүл салалтын хамгийн түгээмэл хүчин зүйл нь харилцааны асуудал юм. Хэрэв хосууд бие биеийнхээ яриаг тоодоггүй, өгүүлбэр дундуур тасалж орж ирдэг бүдүүлэг харилцаанд оршдог бол яалт ч үгүй эргэн бодох хугацааг 2 биедээ өгөх хэрэгтэй.

  1. Хэзээ ч буулт хийхгүй байх

Аз жаргалтай хосуудын харьцаа 5:1 байх ёстой байдаг. Тодруулбал, хосууд нэг удаа хэрэлдэж маргалдлаа гэж бодоход дараа нь кино үзэх, ресторанд орох, бие биедээ урмын үг хэлэх зэрэг дор хаяж 5 эерэг үйлдлийг бий болгох хэрэгтэй гэсэн үг. Тиймээс эхний тоо бага байх тусам буюу 1:1 харьцаатай болсон бол буулт хийх, асуудал ярилцах, уучлалт гуйх нь эрүүл харилцааны гол элемент гэдгийг сайтар анхаараарай.

  1. Хамтрагчаа үл тоомсорлох

Гэр бүл салалтыг урьдчилан таамаглах, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажилладаг сэтгэл судлаач Жон Готман хэлэхдээ шүүмжлэл, үл тоомсорлох, хатуу үг чулуудах зэрэг нь харилцааг устгадаг цөм нь хэмээн тодорхойлжээ. Гэвч эдгээрээс хамгийн ноцтой нь үл тоох хандлага бөгөөд хамтрагчтайгаа ярилцаж байх үедээ таны яриаг ойлгож байгаа эсэх, нүүрлүү харж хариу үйлдэл гаргаж байна уу? гэдгийг сайтар ажиглах нь зүйтэй.

  1. Эсрэг хүйстнийхээ ар гэртэй асуудалтай байх

Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс оролцож, хосын харилцаанд сэв суулгах тохиолдол цөөнгүй бий. Хэдий таньд таалагдаж байгаа ч эцэг эх тань түүнийг байнга шүүмжилж, голдог бол тайван уур амьсгалтай байж чадахгүй шүү дээ. Тиймээс тэдэнд учир байдлыг ойлгуулж, сөргөөр нөлөөлж буйг хэлээрэй.

Нэмэлт: Хүнийг хүүхэд ахуйн гэрэл зургаас нь гэр бүл салалтыг мэдэрч байсан эсэхийг тодорхойлох боломжтой. Үүнд итгэхэд бэрх байж магадгүй ч сэтгэл зүйн хэд хэдэн туршилтын үр дүнд сургуулийн зургийн цомогт хөмсгөө зангидсан байдалтай гарсан хүүхдүүд бусад хүүхдүүдээс илүү салалтын сэтгэл гутралыг мэдэрсэн байдаг нь тогтоогджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!