Кайли Женнер, Трэвис Скотт нарын салалтын жинхэнэ шалтгаан юу байв? Кайли хамаг байдгаа барьж гүйсэн ч амжилт олсонгүй

Кардашиан гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер нь амжилттай яваа бизнес хатагтай, үзэсгэлэн төгөлдөр бүсгүй төдийгүй хамгийн сайн ээж гэдгээрээ алдартай. Өдгөө 2 хүүхдийн ээж болсон Кайли өнгөрсөн долоо хоногт найз залуу болох реппер Трэвис Скоттоос саллаа гэх мэдээ чих дэлссэн. Хүмүүс гайхширч, сүйд болсонгүй. Учир нь тэд өмнө нь олон удаа салж нийлж байсан бөгөөд удаан хугацаанд тогтвортой харилцаатай байсан удаагүй. Тийм ч учраас хүмүүс нэг их ач холбогдолгүй өгөлгүй, удахгүй нийлчихнэ гэхчлэн тоолгүй өнгөрөв бололтой. Гэхдээ энэ удаад тэд эргэж нийлэхгүйгээр жинхэнэ утгаараа салж байгаа бололтой. Харин тэдний салалтын цаад шалтгаан юу байв?

Кайли, Трэвис хоёр 2017 оноос хойш болзож байгаа хосууд. Дундаасаа хоёр хүүхэдтэй болсон ч хэзээ ч хамт амьдарч байгаагүй бас сүй ч тавиагүй. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд тэд хэд хэдэн удаа салж нийлсэн. Тэд хэн хэн нь алдар нэрийн оргилд гарсан учраас үнэн худал нь ялгагдахгүй цуурхал, ярианууд маш их гардаг. Трэвисийг янз бүрийн бүсгүйтэй энд тэнд уулзаж, учир ургуулж явна гэх эвлүүлсэн зураг, янзалсан бичлэг, төрөл бүрийн зурвасууд Кайлид өдөр бүр хэдэн зуугаараа ирдэг. Кайли найз залуудаа 100 хувь итгэдэг л биш бол энэ нь тэдний харилцаанд сэв суулгах нь гарцаагүй.

2019 онд Трэвисийг өөр нэг бүсгүйтэй тэврэлдэж үнсэлцэж буй бичлэг сошиалд тархаж, үүнээс улбаалж хос хоёр түр салаад байсан. Трэвисийн хуучин найз бүсгүй реппер залуугийн янз бүрийн бичлэг, зураг цацаж, Кайлид хандаж Трэвис ямар замбараагүй явдалтай, завхай болохыг инстаграм хуудасны сториг оруулсаар байв. Энэ бүх яриа, цуурхал тэднийг хэцүү байдалд оруулж байсан нь гарцаагүй. Гэсэн ч тэд эргэж хамтдаа байх болж, ахин нэг хүүтэй болсон билээ.

Харин энэ удаагийн салалт нь хэл ам, хүүхэн гэхээс илүүтэй тэдний амьдралын хэмнэлтэй холбоотой. Кайли бол тун ч амжилттай яваа бизнес хатагтай. Тэр бүх анхаарлаа ажил болон хүүхдүүддээ хандуулдаг. Цаг зав гарах бүрт охин хүү хоёртойгоо цагийг өнгөрүүлж, гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг. Түүнийг ямар сайн ээж болохыг ойр тойрны хүн бүр баталдаг. Тэгвэл Трэвисийн тухайд чөлөөтэй байхыг илүүд үздэг. Найзуудтайгаа хөгжилдөнө, өөртөө цаг гаргаж хүссэн бүхнээ хийнэ. Кайли, Трэвис хоёр тусдаа амьдардаг тул хэн хэнийгээ үл хянадаг. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Кайли, Трэвис нар хүүхдүүдтэйгээ хамт амралтад явж, зул сарын баяраа тэмдэглэхээр төлөвлөж байсан ч, Трэвис амлалтандаа хүрээгүй тул энэ бүх салалтад нөлөөлжээ.

Трэвис, Кайли хоёрын хандлага, зан авир, үзэл бодол тун ч өөр. Трэвис ямагт өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, бүхнийг аль болох хувийн байлгахыг хичээдэг бол Кайли бүх амьдралаа сошиалд дэлгэдэг. Магадгүй тэдний амьдралын хэв маяг зөрчилдөж, Трэвис Кайлигийн дэргэд байх сувенир мэт байхыг хүсээгүй байж болох юм. Гэхдээ хэн ч харсан, Кайли Трэвист илүү хайртай, түүнд бүхнийг тааруулах гэж хичээдэг. Трэвисийг бүх талаар дэмжиж, түүний тоглолт бүрт алгасалгүй очиж, амжилт хүсдэг.

Ямартай ч хосууд албан ёсоор салсан болохоо зарласан бөгөөд цаашдаа сайн найзууд байж, хүүхдүүдээ хамтдаа өсгөнө гэсэн байна. Хэн хэнд нь буруу өгөх аргагүй, хоёулаа л өөр өөрийнхөөрөө замаар яваа алдартнууд. Магадгүй алдартай хоёр хүн гэр бүл болж амьдрах юу юунаас илүү хэцүү байдаг бололтой. Тэдний нэг нь дэлхийн хамгийн алдартай эмэгтэй байх нь юу юунаас илүү хэцүү байх.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!