Хамгийн их үзэн ядагчтай дуучин бүсгүй

Хөөрхөн охид үргэлж л олны хэл амны бай болж, элдэв цуурхалд өртөж, атаархагчдын хараалыг хүртдэг. Үүний нэг тод жишээ бол Солонгосын IVE хамтлагийн дуучин Жан Вонён юм. Өдгөө дөнгөж 18 настай ч маш амжилттай яваа төдийгүй “хамгийн хөөрхөн айдол” гэх цол хэргэмтэй. Урлагийн хүн болохоор заяасан мэт үзэсгэлэнт төрх, өндөр бие, эгдүүтэй зан ааш гээд түүнд өөлөх зүйл үгүй. Гэхдээ алдар нэртэй байхын хэрээр асар их шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Вонён нэгэн бичлэгийн үеэр гүзээлзгэнэ жимсийг хоёр гараараа барьж, жижигхэн жижигхэн хазаж идэж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Эгдүүтэй хөөрхөн байх гэж хэтэрхий хичээлээ, үргэлж дүр эсгэдэг гэхчлэн хүмүүс түүнийг ихэд шүүмжилж, инстаграм хуудсыг нь шатаах дөхсөн. Тэр бүү хэл бусад алдартнууд хүртэл түүний үйлдлийг шоолж, даган дуурайж хөгжилдөж байсан юм.

Тун удалгүй ахин нэг шүүмжлэл дагуулсан асуудал дэгдсэн нь түүний пицца идэж буй дүр зураг. Сурталчилгааны зураг авалт ч гэлээ хэтэрхий хичээсэн, хөөрхөн гэхээс илүү таагүй сэтгэгдэл төрүүлж байна гэх зэрэг сөрөг сэтгэгдлүүд интернэтэд хөвөрч эхлэв.

Үүнээс гадна түүнийг хэтэрхий туранхай гэх шүүмжлэлүүд Вонёнийг нэг өдөр ч тайван байлгадаггүй. Яс нөмөрсөн арьс, өвчтэй хүн шиг харагдаж байна гэх зэргээс хүчтэй шүүмжлэлүүд түүнийг чиглэсээр багагүй хугацаа өнгөрчээ.

Энэ мэтчилэн түүнийг яг одоогоор хамгийн их шүүмжлэл авч буй эмэгтэй айдол гэж нэрлэх болсон юм. Хийсэн үйлдэл бүрээс нь өө хайж, үргэлж шүүмжилж, тайван ганц алхуулдаггүй. Компаниас нь сонгоод өгсөн хувцсыг хүртэл шүүмжилж, бусад гишүүдээсээ үргэлж ганган хээнцэр, хөөрхөн байгаад нь дургүйлхэх хүмүүс ч олон. Ямартай ч амжилттай яваа охин ирээдүйд улам тодоор гялалзана гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!