Салалтын дараа илүү тодоор гялалзаж, эргэн ирсэн алдартай бүсгүйчүүд

Насан туршийн гэж бодож хайрлаж байсан нэгнээсээ салах хамгийн хэцүү зүйл. Орондоо шигдээд олон өдөр уйлж, хамт авахуулсан зургууд, бүтээсэн дурсамжаа эргэн харж шанална. Гэхдээ энэ бүхнээс гадна өөр нэгэн авууштай тал нь өөртөө илүү их анхаарал хандуулж, цаг гаргах боломж бий болдог. Салалтын дараа эмэгтэйчүүд өөрийгөө өөрчлөх, улам бүр гялалзах хүсэлдээ автдаг бөгөөд энэ нь тэднийг сэтгэлийн шаналалаа бага ч атугай эмчлэхэд тусалдаг. Тэгвэл одоо хамтдаа салалтын дараа хамгийн гайхалтай эргэн ирэлт хийсэн алдартнуудтай танилцацгаая.

Адель

Адель 2019 онд ганц хүүгийнхээ эцэг болох Саймон Конецкээс салахаар шийдсэн. Тэд гэрлээд ердөө 3 жил болж байсан ч, хэн хэн нь аз жаргалтай байж чадаагүй учир салах шийдвэрт хүрчээ. Дуучин бүсгүй энэ талаар тайлбарлахдаа “Бидний хэн ч буруу зүйл хийгээгүй, нэгнээ гомдоогоогүй. Зүгээр л бид аз жаргалгүй байсан юм” хэмээжээ.

Мөн тэрээр салалт түүнд хэрхэн хүндээр нөлөөлсөн, хүлээж авахад ямар хэцүү байсан талаар ч хуваалцсан. Эцэст нь бүсгүй анхаарлаа өөр зүйлд хандуулж, өөрийгөө өөрчилж, салалтыг даван гарахаар шийдсэн байна. Үүний үр дүнд дуучин бүсгүй багагүй жин хасч, шинэ дүр төрхөөрөө дэлхий нийтийг гайхшруулаад авсан билээ.

Майли Сайрус 

Майли, Лиам Хемсворт нар 2018 онд гэрлэсэн. Тэд 7 сарын дараа салж байгаагаа зарласан билээ. Багаасаа үерхэж нөхөрлөсөн хосуудад гэрлэлт тохирохгүй байсан бололтой. Харин Майли салалтын дараа өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, илүү хүчирхэг дүр төрхтэйгээр урлагтаа эргэн ирсэн билээ.

Шакира

Хэдийгээр тэд хэзээ ч гэрлээгүй ч Шакира, Пике хоёр салсан нь бид бүгдийн хувьд цочирдом байсан. Тэд 12 жил хамт амьдарсан бөгөөд 2 хүүхэдтэй. Дуучин бүсгүйн хувьд салалт маш хэцүү байсан, амьдралынх нь хамгийн хүнд үе гэж тодорхойлсон. Тэр талаараа дуу ч гаргаад амжсан билээ.

Мөн тэрээр “Над шиг гэр бүлийг хамгийн эрхэм зүйлээ болгодог, үүнийгээ насан туршдаа хадгалж үлдэхийг хүсдэг хүний хувьд салалт бол тулгарч болох хамгийн хэцүү зүйлсийн нэг. Гэсэн ч эмэгтэйчүүд бид хүчтэй бас уян хатан. Ямар ч хэцүү зүйлийг бид инээгээд л даван туулж чадна” хэмээсэн. Харин салалт түүнд ур бүтээлдээ илүү их анхаарч ажиллах боломжийг олгосон.

Эмили Ратажковски

Эмили Ратажковски, Себастьян Беар-Маклард нар 4 жил хамт амьдарсны дараа салсан. Загвар өмсөгч бүсгүй салалтын тухайд “Олон хүмүүс салахаас айдаг учраас удаан хугацаанд аз жаргалгүй амьдардаг. Би ингэж, ийм замаар амьдрахыг хүсээгүй. Ямар нэгэн зүйлд хүлээтэй биш, өөрөөрөө аз жаргалтай, чөлөөтэй амьдрах замыг сонгосон” хэмээсэн билээ.

Хлое Кардашиан

Хлоэ, Ламар Одом нар салах өргөдлөө өгснөөс хойш 3 жилийн дараа буюу 2016 онд салсан. Сагсан бөмбөгийн тамирчин эр эхнэрээ хуурсан гэх шалтгаанаар тэд салсан билээ. Харин хосууд салсны дараах үеэс эхлэн Хлое жингээ хасч, өөрийгөө илүүтэй тордож, үзэсгэлэн төгөлдөр болсон юм. Хлое, Тристан Томпсон гэх сагсчин эртэй амьдарч, хоёр хүүхдийн эцэг эх болсон ч, Тристаны үнэнч бус зан байдлаас болж тэд ахин дахин салж нийлсээр өнөөг хүрчээ. Салалт бүрийн дараа Хлое улам бүр гялалзаж, үзэсгэлэнтэй болдог хэмээн шүтэн бишрэгч нар нь ярьдаг байна.

Меган Фокс

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хамгийн тодоор гэрэлтсэн, хүн бүхний харцыг булаасан Меган Фоксийг харж байгаа билээ. Түүний энэ бүх өөрчлөлт салалтаас үүдэлтэй. Тэрээр нөхрөөсөө салсны дараа илүүтэй өөртөө бас карьертаа анхаарч, хүн бүхний харц унагам тэр гайхалтай бүсгүй болж эргэн ирсэн юм. Мөн одоо түүний хажууд үйлдэл бүхнийг нь дэмжиж, урам зориг өгдөг найз залуу болох Machine gun Kelly байгаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!