Амттай мөртлөө хийхэд маш амархан будаа агшаагчинд будаатай хуурга хийх жор

Будаа агшаагчинд ганцхан будаа агшаахын оронд мах, ногоогоо амтлаж битүү хуураад будаатай хуурга хийх боломжтой. Ингэснээр будаанд мах ногооны шүүслэг амт шингэхээс гадна мах, ногоо зөөлөн сайхан амттай болдог. Таны цаг завыг хэмнэхээс гадна илүү сайхан амттай хуурга болох болно. Хийх хугацаа ердөө 40 минут.

Мах, сонгино, лууван, төмсийг угааж цэвэрлээд хэрчиж бэлтгэнэ.Сонгиныг хагас дугуй байдлаар хэрчээрэй. Ингээд будаа агшаагчыг залгаж халаагаад тос хийж халсны дараа эхлээд сонгиныг зөөлөртөл нь хуурч дараа нь хэрчсэн ногоог хийж бага зэрэг хуураад будаа агшаагчыг таглаж 5 минут болгоно.

Үүний дараа хэрчсэн махыг хийж хуурах ба давс, хар перц, чинжүү, лаврын навч зэрэг дуртай амтлагчаараа амтлаж хуураад 80-100 мл ус хийж дахин будаа агшаагыг таглаж 5-7 минут болгоно. Мах, ногоог амтлаж хуурахын зэрэгцээ битүү болгоход үнэхээр сайхан амт ордог.

Дараа нь цагаан будааг хуурсан мах ногооны дээр хийх ба хамгийн сүүлд усыг тохируулан хийнэ. Яг л будаа агшаахдаа усыг нь тааруулдаг шиг тааруулан хийгээрэй. Дээр нь бага зэрэг тос нэмнэ. Ингээд агштал нь хүлээнэ. Будаа агшсан ч таглааг онгойлголгүй халуун горим дээр 25-30 минут байлгаарай.

Хэрвээ бага зэрэг хатуу мах сонгосон бол үүнээс ч удаан байлгаж болно. Ингэснээр будаанд мах ногооны шүүслэг амт шингэхээс гадна мах, ногоо зөөлөн сайхан амттай болдог. Ингээд будаатай хуургыг хутгаж холиорой. Хоолыг таваглаад ногоон сонгино, яншуй зэргээр хачирлана. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!