Яруу найрагч Ц.Хуланг дахин нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татаж, улмаар прокурорын саналаар шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Тодруулбал, 19.4.1-д “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Яруу найрагч Ц.Хуланг төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг өгөх зорилгоор гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 19.4.1-д заасны дагуу яллагдагчаар татаад байгаа юм.

Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 20-ны өдөр дуусах байсан юм. Тэгвэл прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан бөгөөд улмаар шүүхээс дахин нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гарчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!