ТАНИЛЦ: “Шарк танк” нэвтрүүлгийн 4-р улирлын ШАРКУУД

Шарк Танк Монгол шоу нь Дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хийгдсэн бизнесийн #1 реалити шоу нэвтрүүлэг юм. Энэ шоу нь оргилуун их хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчдийн мөрөөдлөө биелүүлэх, санхүүжилтээ бий болгох газар боловч оролцогчид шаркууд буюу хөрөнгө оруулагчдыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй болно.

Оролцогч бүр бизнесийн төлөвлөгөөтэй байх бөгөөд шаркуудад хэр хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйгээ хэлнэ. Харин Шаркууд тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх эсэхээ өөрсдөө л шийдэх болно. Шаркуудаас мөнгийг нь салгах амаргүй.

Монгол HD телевизийн албан ёсны эрхтэйгээр хүргэж буй уг шоу нэвтрүүлгийн 4-р улирлын хөрөнгө оруулагчид буюу Шаркуудыг танилцуулж байна.

Ч.Анар

“Анд глобал”, ONDO-гийн үүсгэн байгуулагч финтек, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын салбарт түүчээлэгч Чинбаатарын Анар. Тэрээр 20 гаруй жил харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт мөс хагалсан туршлагатай нэгэн. Түүний мэдлэг боловсрол, туршлага, алсын хараа олон залууст урам зориг өгч, мянга мянган дижитал шилжилтийн суурийг тавьж буй чадварлаг манлайлагч юм.

Д.Бадрал

“Голомт” банкны захирал Дандарын Бадрал. Банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч, хөрөнгийн зах зээлд цахиур хагалагч, шинийг санаачлагч, залуу үеийн төлөөлөл шилдэг банкир. Олон улсын банк санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай нэгэн. Тэр бол дэлхийд үнэлэгдсэн залуу бизнесмэн. Монголын банк, санхүүгийн салбарт “Голомт”-ын галыг бадраагч залуу лидерүүдийн нэг.

Б.Пунсалмаа

Газрын тос, зам барилгын салбартаа тэргүүлэгч М-Ойл группийн үүсгэн байгуулагч Бадамдоржийн Пунсалмаа. Монголын шилдэг шатахуун импортлогч компанийг өөрийн мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээрээ босгосон, салбартаа тэргүүлэгч бизнес эмэгтэй. Тэрээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг манлайлан чиглүүлж 1000 эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, савангийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Монгол Мэйд” төслийг санаачлагч юм. “Монгол Мэйд” төсөл нь үндэсний үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжүүлж, монгол түүхий эдээр импортыг орлож, экспортыг дэмжих бүтээгдэхүүн хөгжүүлдэг бөгөөд шинэ үеийн залуусыг хөгжин дэвжихэд гар бие оролцдог туршлагатай бизнес эмэгтэй юм.

О.Тэнүүн

Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирал Отгонбаярын Тэнүүн. 30 жилийн түүхтэй Монголын шилдэг группийг удирдан чиглүүлж яваа туршлагатай нэгэн бөгөөд олон улсын зах зээлд хөгжүүлж буй төрөл бүрийн төслүүдийг Монголдоо хэрэгжүүлэхээр хүч түрэн гарч ирж буй залуу бизнесмэн. Түүний удирдан чиглүүлж яваа “Оюуны Ундраа” групп Монгол улсын эдийн засгийн тулгуур салбарууд болох барилга, банк санхүү, мэдээлэл технологи, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбаруудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй үндэсний групп юм.

Ц.Батбаатар

Тээвэр, Барилга бүтээн байгуулалт, уул уурхай зэрэг бизнесийн найман салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг “UB групп”-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Цогтбаярын Батбаатар. Тэрээр бизнесийн салбарт арвин туршлагатай шинэ үеийн залуу манлайлагч юм. Арван жилийн дунд сургуулиа төгсөх жилээ анхны компаниа байгуулсан тэрээр Монголын бизнесийн салбарт 16 жилийн турш ажиллаж, бизнесийн олон чиглэлд хөрөнгө оруулсан эрхэм. Түүний удирдаж буй ‘UB групп’ нь Монгол улсын тээврийн салбарт технологийн тээврийг анхлан хөгжүүлж, барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ногоон барилгын стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй салбартаа тэргүүлэгч үндэсний хэмжээний томоохон групп болтлоо өргөжин тэлсээр байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!