Иргэн Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллах хугацаандаа улсад 112 сая 243 мянган төгрөгийн хохирол учруулжээ

Нээлттэй шүүх хурлын мэдээллээр иргэн Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлджээ.

Дээрх яллах дүгнэлтийг задалбал:

1. Тэр 2016 оноос БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллаж байсан. Гадаад улсад суух консулууд 30-60 метр квадрат байр түрээслэн амьдрах ёстой, энэ мөнгийг улсын төсвөөс гаргадаг аж. Хэрэв үүнээс том талбайтай байр түрээсэлбэл илүү квадрат тутмын мөнгийг хувиасаа төлөх учиртай юм байна. Харин Хөх хотод суугаа ерөнхий консулын амьдрах зориулалттай 76 ам.метр талбай бүхий гурван өрөө орон сууц байдаг аж. Гэтэл Консул Д.Мөнх-Эрдэнэ дээрх амьдрах байр байсаар атал ӨМӨЗО-ы “Сайхан” дүүрэгт, орон сууцны хороолол түрээслэн эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарчээ. Энэ түрээсийн гэрээг БНХАУ-ын иргэнтэй гурван жилийн хугацаанд байгуулж, нийт 247 мянган юань буюу 93 сая төгрөг төлжээ. Энэ мэдээж төсвийн хөрөнгө. Гэтэл хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдсан. Гэрээ хийсэн Хятад иргэнээс үлдсэн хугацааны төлбөрийг нэхэмжилсэн ч “Гэрээг Д.Мөнх-Эрдэнэтэй хийсэн, та нарт хамаагүй” гэж тас гүрийжээ.

2. Түүнийг консулоор ажиллах хугацаанд хоёр хүүхэд нь ӨМӨЗО-ы Хянган замын дунд сургуульд суралцжээ. “Хүүхдийн сургалтын төлбөр” нэрээр 42 мянган юань буюу 15 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулан авч эхнэртээ шилжүүлсэн байна. Гэвч тухайн сургууль нь 2016-2019 онд сургалтын төлбөр аваагүй болохыг хуулийнхан тогтоожээ.

3. Тэрбээр БНХАУ-ын иргэнийг техник, үйлчилгээний ажилтнаар авч нэг сар ажиллуулахдаа 3000 юань буюу 1 сая орчим төгрөгөөр цалинжуулжээ. Учир нь БНХАУ-д тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл явагдсан. Иймд дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан, “Ланд-200”, “Соната-7”, “Старекс” загварын автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулах шаардлагаар дээрх ажилтныг цалинжуулж ажиллуулсан гэжээ. Гэсэн ч эдгээр автомашин нь хэдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байсан тул тэр ажилтнаар гүйцэтгүүлсэн ажил нь тодорхойгүй гэж прокурор танилцуулав.

4. Дипломат ажилтан хоёр жилд нэг удаа эх орондоо ирж амрах эрхтэй аж. Ингэхдээ ОХУ, БНХАУ-ын хот хүртэл галт тэрэгний энгийн суудлаар тооцож унааны зардал олгодог юм байна. Харин Д.Мөнх-Эрдэнэ консулоор ажиллах хугацаандаа галт тэргээр биш онгоцоор нисэж, төсөвт хохирол учруулжээ. Тодруулбал Хөх хотын атташе болон бусад ажилчин, эхнэр болон өөртөө унааны зардалд нийт 1.5 сая төгрөг илүү бодож олгосон байна. Дипломат ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал хангамжийн тухай журамд заасны дагуу олгодог. Уг журмын 3.2-т “Суух хот хүртэл галт тэрэг шууд зорчдог, ОХУ, БНХАУ-ын хот хүртэл галт тэрэгний энгийн суудлаар тооцож унааны зардал олгох”, 4.8-д “Ирэх, буцах нийт хоног нь галт тэргэнд зургаагаас дээш хоног зарцуулах тохиолдолд төсвийн байдлаас хамааран дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний тушаалаар нисэх онгоцны энгийн суудал олгож болно” гэж заасныг зөрчиж, замын зардлыг агаарын тээврийн тарифаар тооцжээ.

Ингээд тэрбээр Консулоор ажиллах хугацаандаа улсад нийт 112 сая 243 мянган төгрөгийн хохирол учруулсан болохыг прокурорын яллах дүгнэлтэд дурдлаа. Энэ бүхнийг нотлох Үндэсний аудитын газрын гурван удаагийн дүгнэлт гарчээ.

Дээрх мэдээллүүдийг нээлттэй шүүх хурлын үеэр тэмдэглэж авсан болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!