Дэлхийн хамгийн амттай жигнэмэгийг гэртээ өөрийн гараар хийгээрэй!

Хэн нэгэн дээр очоод таны хамгийн дуртай хоол юу вэ гэхэд ихэнх хүмүүс ээжийн минь гарын хоол гэж хариулах болов уу. Миний хувьд ч мөн ээжийн минь хийсэн хоол хамгийн амттай, сэтгэл шингэсэн байдаг.

Тэгвэл эзэгтэй та хайртай үр хүүхэд, халамжит ханьдаа хамгийн амттай жигнэмэг хийж өгвөл ямар вэ? Хаана яаж хийгдсэн нь мэдэгдэхгүй хөөсөн боов боорцог идүүлж байхын оронд өөрөө хийгээд өгвөл хэчнээн сайхан бэ? Танд ч бас хөгжилтэй байна гэдэгт итгэлтэй байна.

Орц:

  • Элсэн чихэр – тал стакан
  • Өндөг – 3 ширхэг
  • Нимбэгний шүүс – тал халбага
  • Масло – 250 гр
  • Гурил – 2.5-3 стакан

Хийх арга:

Маслоо хэдэн хэсэгт хувааж, гэсгээнэ. Том саванд өндөг, элсэн чихэр, нимбэгний шүүсээ хийж хутгана. Үүн дээрээ маслоо бага багаар нэмж, гар миксерээр миксердэнэ. Дараа нь гурилаа бас бага багаар нэмж зуураарай. Ингээд хамгийн эхэнд гурилаа зуурч бэлтгээрэй.

Гурил хэт хатуу биш ч, гарт наалдах нялцгай байж болохгүй. Хэрэв таны гарт наалдаад байвал хуурай гурил нэмж болно. Ингээд гурилаа тугалган цаасаар таглаж, хөргөгчинд хадгалаарай. Энэ хооронд шарах шүүгээгээ асааж, 200 хэм дээр тохируулна.

Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас тавьж бэлтгэх хэрэгтэй. Одоо гурилаа хөргөгчнөөс гаргаж, 4 хэсэгт хувааж, нэг хэсгийг нь авч, махны машинд хийж эргүүлнэ. Махны машинаас гарч ирэх гурил 5-6 см болмогц, хутгаар тасдаж авна.

Махны машинаас гарч ирсэн гурилаа эргүүлж давхарлаж, хэлбэрт оруулаад калькин цаасан дээрээ өрнө. Энэ маягаар үлдсэн жигнэмэгээ хийж дуусгаарай. Ингээд жигнэмэгээ шарах шүүгээндээ хийж, 35-40 минут шараарай. Бэлэн болсон жигнэмэг дээрээ сахарын пүдр цацаж идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!