Түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн цуутай бүсгүйчүүд
Түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн алдартай бүсгүйчүүдийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн кинонууд олон байдаг. Гэхдээ кинон дээр бодит байдлыг 100 хувь үнэнээр дүрслэн үзүүлнэ гэж байдаггүй бөгөөд уран сайхны хэтрүүлэг ч хийгдэнэ. Тиймээс түүхийг киногоор төсөөлж болшгүй гэсэн үг. Өнөөдөр та бүхэндээ гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийн ухааныг балартуулж явсан алдартай бүсгүйчүүд бодит амьдрал дээр ямар байсан тухай хуваалцахаар бэлтгэлээ.
Бонни Паркер
АНУ-д болсон их хямралын үеэр дээрэмчин хосууд гэж алдаршсан Бони болон Клайд. Тэд анх нэгэн үдэшлэг дээр танилцсан бөгөөд Бони тус үдэшлэг дээр зөөгч хийж байв. Клайд Барроу гэгч залуу Боннид хамт байхад хэзээ ч уйдахгүй, сонирхолтой, өвөрмөц нэгэн мэт санагдсан тул тэд хамтдаа байх болсон байна. Гэхдээ тэдний хосын амьдрал таны төсөөлж байгаа шиг эгэл жирийн байгаагүй.
Бонни хар бараан, хүнд хэцүү амьдралыг туулж өссөн нэгэн бол, Клайд гэмт хэрэгтэн, дээрэмчин байсан юм. Тэд хамтдаа дээрэм тонуул хийж, алдар нэрээ цуурайтуулах болсон. Тэд нийтдээ АНУ-ын 22 мужид дээрэм, хүн амины хэрэг үйлдсэн. 1934.05 сард шериф Фрэнк Хеймер удаан төлөвлөсний эцэст отолтыг амжилттай зохион байгуулж, тавдугаар сарын 23-ны өдөр Бонни, Клайд хоёрыг баривчлах ажиллагааг явуулсан байна. Бороо мэт шүрших ширүүн гал намдсаны дараа цагдаагийнхан тэдний машинд дөхөн очиход дээрэмчин хос хэдэнтээ буудуулан газар дээрээ нас барсан байв.
1967 онд Бони, Клайд нарын түүхийг өгүүлэх кино дэлгэцнээ гарч, Оскарын наадмаас 2 шагнал хүртсэн бөгөөд Америкийн алдарт гэмт хэрэгтэн бүсгүйн дүрийг Фэй Данауэй бүтээжээ.
Лина Кавальери
Лина Кавальери бол Италийн дуурийн дуучин бөгөөд жижиг цэнгээний газрын тайзан дээрээс дуулж эхэлсэн ч, дэлхийн хамгийн том тайзан дээр гялалзаж чадсан нэгэн. Түүний зургийг картан дээр хэвлэж зарж эхлэхэд Европын бүх хотуудаас худалдан авалт хийсэн байдаг. Александр Иванович Барятинский түүнд хайртай байсан боловч эзэн хааныг түүнтэй гэрлэхийг хориглож, хосуудын хайр шарх болон үлдсэн юм. Үүний дараа Кавальери хэд хэдэн удаа гэрлэсэн боловч үргэлж бүтэлгүйтэж, аз жаргал гээчийг амталж чадалгүй хорвоог орхисон байдаг.
Жина Лоллобригида “Beautiful but Dangerous” кинонд дуурийн дуучны дүрийг бүтээсэн байдаг.
Барбара Радзивилл
Барбара Радзивилл нь Польшийн хатан хаан, Литвийн их гүнгийн авхай байв. Тэрээр өөрт нь галзууртлаа дурласан Сигизмунд II Августустай гэрлэсэн. Гэхдээ хадам ээж Бона Сфорза түүнийг үзэн яддаг байсан бөгөөд Барбараг хатан хаан болсны дараа хордуулж алсан гэх яриа байдаг аж. Эхнэрээ нас барсны дараа II Сигизмунд ээжтэйгээ ахин үг солиолоогүй хэмээдэг.
1982 онд Польшийн хатан хааны тухай түүхийг “An Epitaph for Barbara Radziwill” кинонд өгүүлсэн байдаг. Гол дүрд Анна Дымна тоглосон.
Энн Болейн
Энн бол Английн хаан VIII Генрихийн хоёр дахь эхнэ. Залуухан, үзэсгэлэн төгөлдөр Энниг харсан даруйдаа хаан түүнд ухаанаа алдтал дурлаж, эхнэрээ хүртэл хэрэггүй хог мэт хаясан гэдэг. Гэхдээ энэ бүх үйл явц дээрх нэг өгүүлбэрт багтаасан шиг амар хялбар байгаагүй. Энн, Хенри нар сүй тавьж, нэгнээ үүрд хайрлахаа амласан ч, Энн төд удалгүй өөрийн үнэн төрхийг ил гаргаж, хааны хөрөнгийг үдэшлэг шоунд үрэн таран хийж, шуугиан тарих болов. Хаан түүнд хайртай байсан ч, мунхаг биш учир Энний хэтэрсэн үйлдлийн төлөө цаазаар авах ял оноож, шинэхэн гэргийтэй болсон байна.
Английн хатан хааны гунигт түүхийг “The Other Boleyn” киноноос харж болно. Түүний дүрийг Натали Портман бүтээжээ.
Уоллис Симпсон
1936 онд Их Британийн хаан VIII Эдвард хоёр ч удаа гэрлэлтээ цуцлуулж байсан Америкийн жүжигчин Уоллис Симпсонтой гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзаж байжээ. Тэд анх танилцахад Эдвард 36, Уоллис 35 настай байсан бөгөөд тухайн үед Уоллис хэдийгээр нөхөртэй байсан ч, дараа дахин хаантай уулзахаас татгалзсангүй. Төд удалгүй тэд харилцаагаа ил болгож, Уоллис ч нөхрөөсөө салж, олны харцанд өртөх болсон юм.
Эцгээ нас барсны дараа Эдвард хаан ширээнд суух ёстой байсан боловч хайр дурлал, хаан ширээ хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болоход тэрээр хайрыг сонгов. Уоллис, Эдвард нар 1972 онд Эдвард хорт хавдраар нас барах хүртэл хамт амьдарсан.
Америкийн жүжигчин, Их Британийн хааны хайр сэтгэлийн тухай киног Мадонна найруулжээ. “W.E” кинонд Уоллис Симпсоны дүрийг Андреа Рисеборо дүрсэлжээ.
Мата Хари
Нидерланд гаралтай энэ эмэгтэй дорнын бүжигт суралцаж, өвөрмөц өмсгөл зүүсгэл, төрөлхийн гоо үзэсгэлэнгээрээ Европын хамгийн хүчирхэг эрчүүдийн сэтгэлийг татаж явжээ. Мата Хари германчуудын явуулгаар Францын эсрэг тагнуул хийсэн хэрэгт 1917 онд яллагдсан юм. Орчин цагийн түүхчид Мата Харийг Францын даалгавраар Германд мөн тагнуул хийж байсан гэдэг бол зарим судлаач огт тагнуулч байгаагүй хэлмэгдсэн гэж үздэг байна.
“Мата Хари” хэмээх онц сонирхолтой олон ангит цуврал байдаг бөгөөд гол дүрийг Вахина Жиоканте бүтээжээ
Хатан хаан Виктория
Хатан хаан Викториягийн үед Их Британи цэцэглэн хөгжиж байсан бөгөөд тэрээр ард иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байв. Викториа нь жирийн хүмүүсийн амьдралд хаант засаглалын нөлөөг аажмаар бууруулж, тансаг хэрэглээгүй дээд зиндааны хүний үлгэр жишээ болж байжээ. Тэрээр нөхөртэйгээ аз жаргалтай, хайраар дүүрэн амьдарч байсан төдийгүй 9 хүүхэд төрүүлж өсгөсөн байдаг.
“The Young Victoria” кинонд Хатан хааны дүрийг Эмили Блант бүтээсэн.
Исадора Дункан
Исадора Данкан бол алдартай бүжигчин, Оросын нэрт яруу найрагч Сергей Есениний эхнэр байсан билээ. Америк бүжигчин бүсгүй 1921 онд Оросын эзэнт гүрэнд ирээд бүжгийн сургууль нээх, санхүүжилтийн талаар тусламж авах талаар хөөцөлдөж яваад, Есенинтэй танилцаж, нэгэндээ дурласан байдаг. Тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй бөгөөд 1923 онд яруу найрагч алдарт бүжигчинтэй хамт амьдрахаас залхаж салах шийдвэрт хүрсэн аж.
Айседора Дункантай холбоотой хэд хэдэн кино байдаг бөгөөд саяхан Лили-Роуз Депп “The Dancer” кинонд Дунканы дүрийг бүтээсэн билээ.