Нөхрөөсөө илүү тог цахилгааныг чухалчилдаг Нигерт зочлоод ирсэн Орос бүсгүйн тэмдэглэл

Наталья Иса бол ОХУ-ын Ижевск хотод төрсөн, Орос бүсгүй. Харин хайрлаж дурласан залуу нь Африк гаралтай бөгөөд түүний аж амьдрал, нутаг ус, гэр бүлтэй танилцахаар Нигер улсыг зорих болсон байна. Тэрээр Нигерд зочилж ирсний дараа блог хөтөлж, тэнд үзэж харсан зүйлсээ сошиалд хуваалцжээ. Хамтдаа түүний аялалд ямар байсныг сонирхоцгооё.

Хүмүүжил

Хүүхдүүд тэнд яг л том хүн шиг амьдардаг. Хүүхдийг 2 нас хүртэл нь аав ээж нь харж халамжилж, хүүхэд гэдэг утгаар нь эрхлүүлнэ. Харин 2 нас хүрсний дараа тэднийг сургууль цэцэрлэгт явуулж, үсэг тоо сургаж, өдөр тутмын ажил амьдралдаа туслуулж эхэлдэг. Хүүхдүүд үүнд маш дасал болсон байх бөгөөд 5 настай хүүхэд хоол хийж, гэрийн ажлыг ганцаар хариуцах нь бий. Тэд яг л том хүн шиг. Нигерт хийгдсэн нэгэн судалгаагаар: 2 настай хүүхдүүдийн 90% нь өөрийгөө угааж цэвэрлэж, 75% нь дэлгүүр явж, 39% нь хоол идсэн тавгаа угааж чаддаг байна.

Загвар, гоо сайхны тухай

  • Тэнд эрэгтэй хувцас, эмэгтэй хувцас гэж тусдаа байдаггүй. Эрчүүд нь ч гэсэн ягаан өнгөтэй, цэцэг навчсаар гоёсон материал бүхий хувцас өмсдөг.
  • Эмэгтэйчүүд нь толгойгоо заавал алчуураар ороодог. Энэ нь тэд үсээ шороо тоосноос хамгаалж буй нэгээхэн хэлбэр төдийгүй ингэснээр үсээ өдөр бүр самнаж, угаах ч шаардлагагүй болдог.

  • Үслэг хувцас энд маш алдартай. Гадаа +35 хэмийн халуун байсан ч хамаагүй үслэг эдлэл мөрөн дээрээ хаяж, загварлаг дэгжин байдлаа гайхуулна. Мөн эрчүүд нь ч гэсэн үсээ тоос шорооноос хамгаалж зузаан малгай өмсдөг.

Нигерчүүдээс асуух хэрэггүй асуултууд

  • Аав ээж чинь хэдэн настай вэ?

Тэд аав ээжийнхээ насыг, хэдэн онд төрсөн гэхчлэн зүйлсийг мэддэггүй. Үнэмлэх ч байхгүй хүмүүс олон. Тэдний хувьд хамгийн чухал бичиг баримт бол цахилгааны төлбөрийн мэдэгдэх хуудас юм.

  • Жин, өндөр?

Нигерчүүд өөрийн өндөр болон жинг огт сонирхож чухалчилж үздэггүй. Өөрсдөдөө зориулж хувцас оёх болон оёулахдаа л биеийн хэмжээ өгдөг. Тэрнээс бусдаар тэдний өндөр, жинг асуусан ч мэдэхгүй гэж хариулах болов уу.

  • Тэндээс тэр хүртэл хэдэн км вэ?

Та Нигер хүнээс зам асууж, тэндээс тэр хүртэл хэдэн км бол гэхэд тэр юу гэж хариулна гээч? Холоо хол л гэж хариулна.

Нигер ээжүүдийн философи

  • Хүүхэд рүүгээ харах төдийд л бүх асуудал шийдэгддэг гэж үздэг. Болохгүй чадахгүй асуудал гарсан ч хүүхдээ хараад л хүч авдаг.
  • Нигерт ээжүүд нь хүүхдэдээ бус, хүүхэд нь ээждээ өглөө, өдөр, оройн хоолыг бэлтгэж өгдөг.
  • Хүүхдийг багаас нь эцэг эхээ хайрлах, халамжлах сэтгэлтэй болгож өсгөдөг.
  • Хайр нь дотроо хал нь гаднаа.
  • Эд зүйлсэд бус, хүүхдийнхээ хөгжил, боловсролд хөрөнгө оруулах нь хамгийн ашигтай хөрөнгө оруулалт гэж үздэг.
  • Хүүхдээ хэт эрхлүүлэх бус, ажилд сургаж, хүчтэй хүн болгохыг зорьдог.

Хоол, уламжлал, амьдрал

  • Нигерт эрчүүд нь бүсгүйчүүдэд цэцэг өгдөг гэх зүйл байдаггүй. Цэцэг ч бараг олдохгүй. Нигерт очсоны дараа модон дээрээс 2 ширхэг цэцэг л олж харсан. Орост байхдаа найз залуу маань надад байнга л баглаа цэцэг бэлэглэдэг байсан ч, тэнд очоод цэцэг гээчийг бараг мартсан

  • Гадилтай адилхан харагдах энэхүү жимс нь яг ч гадил биш, гадилны нэг төрөл гэнэ. Ингэж гүйцэт болсон, харласан үедээ хамгийн амттай. Нухаж иддэг.

  • Энд хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл бол мотоцикл. Үүн дээр бүхнээ ачаад л давхина. Гэр бүлээрээ сундалж суугаад, дээр нь зөндөө зүйлс ачаад, нэг удаа бүр хөргөгч ачаад авч яваа хүнийг ч харсан шүү.

  • Тэнд ус хязгаартай. 5 хоног ус тасардаг. Заримдаа тэр 5 хоног нь бүтэн сар ч болох нь бий. Тиймээс тэд их хэмжээгээр ус нөөцөлж, сав саваар зөөдөг.
  • Өглөө 8:00-14:00, орой 20:00- 00:00 цагийн хооронд гэрэл цахилгаан ашигладаг. Бусад үед цахилгаан байхгүй. Энэ нь тэдний амьдралыг нэг төрлийн схемтэй болгож өгдөг. Орост амьдардаг байхдаа би өдөржин утсаа ухаж, өдөр хоногийг үр ашиггүй өнгөрүүлдэг байсан бол, энд ирээд илүү бодитоо амьдарч эхэлсэн.

Би нөхөртэйгээ хамт Нигерт очиж 7 хоногийг өнгөрүүлсэн. Маш сонин, маш содон, надад цоо шинэ ертөнц шиг л санагдсан. Харин буцаж Орост ирээд, сайтар ярилцсаны эцэст Нигерт очиж хуримаа хийхээр болсон юм. Бид буцаад Нигер явж, тэнд хуримаа хийгээд, 1 сар орчим амьдраад ирсэн. Тэнд хүмүүс нь шунал хүсэл, нэгнийхээ дээр гарах гэсэн атаа жөтөө, өмсөх зүүхээр уралдах, бусдаас дор орохгүй гэх тэмцэл байхгүй. Бүгд л өдөр бүрийг амар тайван, адилхан нөхцөлд өнгөрүүлдэг. Энэ нь надад маш их тайтгарал бэлэглэсэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!