2021 онд шуугиулсан трэнд хувцаслалтууд хэдэн арван жилийн өмнө ээж, эмээгийн маань гоёл байсан

Хувцас загварын трэнд гээч нь нэг газраа удаан тогтдоггүй. Гэхдээ орхиод явсан газраа ч эргээд ирдэг тийм л хачин сонин зүйл. Олон арван жилийн өмнө охид бүсгүйчүүдийн дунд алдартай байсан хувцас загвар өнөө цагт хэн бүхний сонирхож өмсөх хувцас болчихно гэж хэн санах билээ. Тийм ч учраас өнөө цагийн бүсгүйчүүд ээж, эмээгийнхээ залуудаа өмсөж байсан хувцсыг ухаж, тэндээс олон загварлаг хувцас олж байгаа гэсэн хөгжилтэй ярианууд ч хаа сайгүй тарсан байна. Тэгвэл хамтдаа эргэж ирсэн мооднуудтай танилцацгаая.

Богино суудалтай өмд

Богино суудалтай өмдийг 1994 онд дизайнер Александр Маккуин зохион бүтээсэн байдаг. Тэр даруйдаа тус өмд дэлхий нийтээр алдаршиж, биеийн галбир үл харгалзан эмэгтэй хүн бүр өмсөж байв. Хэдэн жилийн дараа гэхэд моодноос гарч, оронд нь өндөр суудалтай өмд эрчийг аваад байсан. Харин 2021 онд богино суудалтай өмд эргээд трэнд болж, хамаг л загварлаг, мэдрэмжтэй гэсэн алдартай бүсгүйчүүд үүгээр гангарч эхэлсэн билээ.

Богино банзал

Анх 1960-аад оны дунд үед моодонд орж байсан мини юбка эргэн ирлээ. Тус төрлийн банзал хэзээ ч моодноос гардаггүй. 10 жил тутам эргэн трэнд болдог гэдгээрээ алдартай юм.

Трапиц өмд

Трапиц өмдний загвар нь Америкийн далайчдаас гаралтай бөгөөд 70 -аад онд Дэвид Боуи, рок -н -роллын хаан Элвис Пресли гэх мэт олон алдартнууд өмсдөг байв. Харин өдгөө 50 гаруй жилийн дараа Givenchy, Gucci брэндүүд тус төрлийн өмдийг трэнд болгоод байгаа билээ.

Том мөртэй хүрэм

Энэ жил дизайнерууд бидэнд 80 -аад оны үед моодонд орж байсан том мөртэй хүрмийг санал болгосон. Мэдээж энэ нь амжилттай болж алдартнууд, инстаграм моделиудын өдөр тутмын хувцас болж хувирсан юм.

Цээживч болгосон бандана

Топ бандана нь 90 -ээд оны сүүл, мянганы эхэн үед алдартай байсан. Хэсэг хугацаанд мартагдаад байсан тус хувцас охидын хувцасны шүүгээнд эргэн иржээ. Хэрэв та анзаарсан бол энэ зун охид бүгд л тус топоор гоёсон.

Өмдөн дээгүүр даашинз өмсөх

Өмдөн дээгүүр даашинз өмсдөг байсан үеийг санаж байна уу? Саяхан гэхэд л бүсгүйчүүд тэгж хувцасладаг байсан хуучны хүмүүсийг шоолж байсан бол одоо эргээд өөрсдөө ингэж хувцаслахад хүрэв. Гэхдээ илүү загварлаг байдлаар гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!