Хайр дурлалынхаа төлөө “цол хэргэмээсээ” татгалзсан хааны гэр бүлийн гишүүд

Кино, уран зохиолын ном зэрэгт гайхалтай хайрын түүхүүдийг өгүүлдэг. Хайр дурлалынхаа төлөө өөрийн бүх зүйлээс татгалзаж, амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргаж буй талаар өгүүлэх гайхалтай кино, зохиолууд ч олон байдаг. Манай нийтлэлийн баатрууд бодит амьдрал дээр ийм бэрхшээлтэй тулгарч, хааны гэр бүлийн цол хэргэмээсээ татгалзаж, эцэст нь хайрыг сонгосон юм.

Японы гүнж Мако

Японы гүнж Мако коллежид байхдаа учирсан Кэй Комуротой саяхан гэрлэжээ. Хосууд 2012 онд коллежид байхдаа анх танилцаж, 2017 онд тэд сүй тавьсан билээ. Хамгийн том асуудал гэвэл Кэй Комуро нь эгэл жирийн нэгэн бөгөөд гүнж түүнтэй гэрлэхийн тулд цол хэргэмээсээ татгалзах ёстой гэх хууль дүрэм бий. Гэсэн ч хааны гэр бүлийн эрэгтэй гишүүдэд энэ хууль дүрэм үйлчилдэггүй. Иймд Мако гүнж хэмээн цол хэргэмээ орхиж, хайртай залуутайгаа гэрлэх замыг сонгосон төдийгүй хааны гэр бүлээс гарч буй гишүүн олгодог 1 сая доллараа ч татгалзсан байна.

Ханхүү Филип

II Элизабет хатан хааны нөхөр, талийгаач ханхүү Филип нь Грек, Данийн хунтайж байсан бөгөөд хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд Грек, Данийн хаан ширээнд суух эрхээсээ татгалзаж, ээжийнхээ овог болох Маунтбаттеныг авсан. Мөн Британийн иргэн болж, өөрийн бүх цор хэргэмийг орхисон билээ. Тэрээр хатан хаантай гэрлэснээс хойш хэдэн жилийн дараа гүн цолыг авсан бол, 1957 онд л ханхүү гэх цолтой болсон юм.

Ханхүү Харри

Ханхүү Харри, Меган Маркл нар хааны үүргээсээ татгалзах шийдвэрийн талаарх хэлэлцүүлэг ширүүн бөгөөд удаан үргэлжилсэн. Харри нэгэн ярилцлагын үеэр цол хэргэмээсээ татгалзах болсон шалтгаан нь түүний гэр бүл хэмээсэн. Жирэмсэн байхдаа Меган сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч, хүнд хэцүү цаг хугацааг туулсан бөгөөд хүү Арчигаа төрсний дараа ханхүү Харри эхнэр болон хүүхдэдээ л хамаг анхаарлаа төвлөрүүлж, тэдний төлөө амьдрахаар шийдсэн аж.

VIII Эдвард хаан

Хатан хаан Елизабетийн авга ах VIII Эдвард хааны хайр дурлалын түүх маш алдартай. 1930 онд Эдвард Америкийн жүжигчин Уоллис Симпсонтой танилцжээ. Уоллис гэх бүсгүйн тухайд өмнө нь хоёр ч удаа салж байсан бөгөөд энэ нь түүнийг хааны гэр бүлийн гишүүн болоход тэнцэхгүй гэх томоохон шалтгаан болсон юм. Иймд VIII Эдвард хаан хайртай бүсгүйгээ сонгох уу, хаан ширээгээ сонгох уу гэх маш том салаа замын уулзвар дээр ирсэн аж. 1936 онд Эдвард хаан ширээнээсээ буусан бөгөөд радиогоор ард түмэндээ мэдэгдэл хийхдээ “Би хариуцлагын хүнд ачааг үүрч, хааны үүргээ биелүүлэхийг хүсч байсан ч, хайртай бүсгүй минь дэргэд байхгүй бол энэ бүхэн боломжгүй гэдгийг ойлгосон” хэмээсэн байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!