Парис Хилтоны хурим түүхэнд бичигдэж үлдэхээр нижгэр болж өнгөрлөө

Хилтон зочид буудлын эзэн Конрад Хилтоны ач охин Парис Хилтон нь бизнес хатагтай, загвар өмсөгч, дуучин, жүжигчин гэхчлэн олон цол гуншинтай. Нэгэн үе түүний хийж буй үйлдэл бүхэн сонины эхний нүүрэнд хэвлэгдэж, ёстой л супер од байсан. Сүүлийн жилүүдэд чимээгүй амьдрах болсон тэрээр 40 насандаа хуримаа хийж байна. Түүний нөхрийг Картер Реум гэдэг бөгөөд зохиолч, зохион бүтээгч. Хосууд 2021 оны 2 сард буюу Парисийн төрсөн өдрөөр сүй тавьж буйгаа зарласан бол өнгөрсөн баасан гарагт хуримаа хийв.

Гэхдээ тэдний хурим 3 өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр тэд хуримын ёслолоо Беверли Хиллс дэх талийгаач өвөө Бэрроны Бел-Эйр эдлэнд зохион байгуулсан бөгөөд тус эдлэн 45 сая долларын үнэтэй. Мэдээж тэдний хуримын ёслол дээд зэрэглэлийн болж өнгөрсөн нь гарцаагүй.

Парис Хилтон ямагт дэгжин, чамин, эрхэмсэг байж чаддаг нэгэн. Тийм ч учраас тэр хуриман дээрээ ганц даашинзтай суусаар дуусна гэж үгүй. Сүйт бүсгүй ёслолын үеэр нийтдээ 4 удаа даашинзаа сольж өмсөн, хүрэлцэн ирсэн зочдыг гайхшруулжээ.

Түүний хуримын гол даашинзыг алдарт загвар зохион бүтээгч Оскар де ла Рента урлажээ. Парис хэлэхдээ нийтдээ 10 гаруй даашинзыг хуримандаа зориулж тусгайлан хийлгэсэн гэх ба үлдсэн даашинзуудаа дараа дараагийн өдрүүдэд өмсөж, олны нүдийг хужирлах аж.

Парисын хуримын ёслолд олон алдартнууд хүрэлцэн ирсэн. Дуучин Деми Лавота, жүжигчин Эмма Робертс, дуучин Паула Абдул, Бебе Рекса гэх зэрэг алдартнууд хамгийн гоёмсог хувцсаа өмссөөр ирсэн байна.

Мэдээж Парис Хилтоны дотны найз алдарт Ким Кардашьян ч мөн хүрэлцэн ирсэн байна. Тэднийг эртнээс нөхөрлөж, ойр дотно байсаар ирсэн гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ.

Парис хуримынхаа гоёлыг ч инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцаад амжсан юм.

Хуримын ёслолын дараа мэдээж үдэшлэг эхэлнэ. Үдэшлэгтээ оролцохоор ирэхдээ Парис гоёмсог ягаан өнгийн даашинз, зүрхэн хэлбэртэй нүдний шилтэй хослуулсан байв.

Тэдний үдэшлэгт олон алдартнууд оролцсон болохыг папарациуд мэдэгдсэн. Тэр дунд BlackPink хамтлагийн дуучин Женни болон Руже нар байсан нь олны сонирхлыг татсан юм.

Энэ хүрээд тэдний хурим дууслаа гэвэл эндүүрэл. Дахиад 2 өдрийн үйл ажиллагаа үлдсэн бөгөөд та бүхэндээ тэдний хуримын сонин хачинг цаашид хуваалцах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!