Үрчилж авсан 3 хүүхэд нь төрсөн ах дүүс болж таарсан гайхалтай түүх

Кэти Пэйж гэх бүсгүй бага байхаасаа л ээж болохыг мөрөөдөж ирсэн. Кэтийн амьдрал тун ч сонирхолтой бөгөөд хүмүүст хуваалцах гайхалтай түүхтэй нэгэн.

Гуч гаруйхан насандаа нөхрөөсөө салсан Кэти юу юунаас илүүтэй хүүхэд хүсч байгаагаа ойлгов. Харин заавал өөрөө төрүүлэх биш, өрөөл бусдын хүүхдийг үрчилж, өөрийн мэт хайрлаж өсгөх шийдвэр гаргажээ. Ингээд тэрээр төрөл бүрийн ажил хийж, ахиж дэвшин 4 өрөөтэй байшинтай болж чадсан юм. Байр сууцаа бас зүрх сэтгэлээ ч бэлдчихсэн болохоор эргэлзэх зүйлгүйгээр хүүхэд үрчилж авахаар шийджээ.

2017 онд тэрээр төрсөн ээждээ хаягдсан 4 хоногтой хүүтэй танилцжээ. Тэр түүнийг Грэйсон гэж нэрлэж, өөрийн хүү болгож авав. Эхэндээ бага зэрэг айж, энэ том үүрэг хариуцлагыг хүлээж чадах эсэхдээ эргэлзэж байсан ч, хүүг харах бүрийд хүч орж, түүнийг өөрийн төрсөн хүү мэтээр хайрлаж өсгөсөн байна.

Жил хүрэхгүй хугацааны дараа Кэти рүү нийгмийн ажилтан залгаж, төрсөн эхдээ хаягдсан бяцхан охины тухай дуулгасан байна. Кэти сайн дурын ажил хийдэг, хаягдсан хүүхдүүдэд тусладаг байсан тул нийгмийн ажилтны дуудсанаар очиж, охиныг асарч, бичиг баримтыг нь цэгцэлж өгчээ. Ингэх явцдаа тэрээр хаягдсан охины ээжийн нэр Грэйсон буюу түүний үрчилж авсан хүүгийн ээжийн нэртэй адилхан болохыг анзаарсан байна. Багагүй судалж, шинжилгээ хийлгэсний дараа бүсгүй Грэйсон болон эхдээ хаягдсан бяцхан охин нар төрсөн ах дүү болохыг мэджээ. Кэти удаан ч бодолгүй, хуулийн дагуу охиныг үрчилж аван, төрсөн ах дүү хоёрыг хамт өсгөхөөр болсон байна. Ингээд 2018 оны арванхоёрдугаар сард охинд Ханна хэмээх нэр өгч, гэр бүлдээ, төрсөн ах дээр нь авчирчээ.

2 хүүхдийн төрсөн эх нь Ханнаг төрснөөс хойш 13 сарын дараа ахин хүү төрүүлсэн байна. Кэти үүнийг нь мэдээд ах дүү 3-ийг хамт байлгахаар шийдэж, мөн л өөр дээрээ авсан аж. Ингээд 2020 оны зургадугаар сард бяцхан Жексоныг албан ёсоор өргөж авсан юм.

Одоо Грэйсон 5 настай, Ханна 4 настай, бяцхан Жейксон 3 настай. Кэти энэ бүхнийг хувь тавилан гэж итгэдэг. “Тэд хамт байх тавилантай учир хүүхдүүдийг салгахыг хүсээгүй, бас тэр хариуцлагагүй ээжээс болж зүдэрч амьдрахыг нь зөвшөөрч чадахгүй. Миний хүүхдүүд л болох гэж гурвуулаа над дээр ирсэн гэж итгэдэг. Тэднийг өсгөх амар байгаагүй. Нойргүй хоносон шөнүүд, шантрах үе ч олон байсан. Заримдаа зөв шийдвэр гаргасан эсэхдээ ч эргэлздэг. Гэхдээ би тэднийг хэзээ ч хайрлахаа больж байгаагүй юм шүү. Тэд л надад аз жаргалыг мэдрүүлсэн” хэмээжээ.

Бүсгүй нөхөртэй бөгөөд өөрөө 2 хүүхэд төрүүлсэн. Тэдний өнөр өтгөн гэр бүл өдөр бүр баяр хөөр, аз жаргалаар дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!