Их хэмжээний жин хасч, өөртөө шинэ амьдрал бэлэглэсэн алдартнууд өөрсдийн нууцаа хуваалцжээ

Хүн хүний биеийн онцлог өөр учраас бүгд нэг аргаар турах боломжгүй. Яг өөрт тохирсон аргаа олж, хамгийн гол нь тууштай байж чадвал хүн бүхэн турж, мөрөөдлийн бие галбираа цогцлоож чадна. Тэгвэл өөрт тохирох аргыг олох гэж багагүй олон зүйлсийг туршиж үзэх шаардлагатай болно. Иймд та бүхэндээ алдартай бүсгүйчүүдийн жингээ хассан нууцаас хүргэж байна. Магадгүй эдгээрийн аль нэг нь тохирч, турахад тусалж болох юм.

Адель

Дуучин Аделийн тухайд их хэмжээний жин хасч, хүмүүсийн нүдэн дээр өөрчлөгдөж ёстой л шуугиан тарьсан. Хүн бүр л түүний турсан нууцыг мэдэхийг хүсч байсан нь гарцаагүй. Түүний хувьд олон жилийн хугацаанд бага багаар, хамгийн гол нь тууштай жингээ хасч, турж чадсан юм. Хэдхэн сарын дотор 20, 30 кг хасдаг төрөл бүрийн тураах ундаа, дэглэм зэргийг бариагүй. Дуучин бүсгүйн хамгийн гол нууц бол дасгал хөдөлгөөн гэнэ. Тэрээр хоолны хатуу дэглэм барихаас татгалзаж, гол нь эрүүл хооллож, огт өлсөхгүйгээр турж чадсан юм. Өглөөдөө ууланд алхаж, өдөр нь харин боксоор хичээллэнэ. Орой нь кардио дасгал хийж, эрүүл хооллолтыг дасгалтай хослуулснаар ингэж гайхалтай туржээ. Мөн түүний хувийн дасгалжуулагч Аделийг шахаж шаардаж, хүчилж байсны үр дүнд энэ бүхэн боломжтой болсон аж.

Кристина Агилера

Алдарт дуучин, жүжигчин бүсгүй нь жингээ хасч, галбиртаа анхаарахын тулд хэсэгтээ завсарлага авч, урлагаас хөндийрч байсан. Харин эргэн тайзнаа гарахдаа ёстой л хүн бүрийг гайхшруулж чадсан билээ. Бүсгүй улам бүр үзэсгэлэнтэй, гайхалтай бие галбиртай болсон байв. Түүний нууц нь сэтгэлийн амар амгалан гэнэ. Тухайн үед тэрээр “Voice”шоуны хөтлөгч хийж, маш завгүй ажиллаж, стресс бухимдлаас ч салж чаддаггүй байв. Харин завсарлага авч, хүүтэйгээ, гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, өөрийгөө хайрлаж, амар амгаланг мэдэрч чадсаны үндсэн дээр бага багаар турж эхэлсэн байна.

Тэрээр энэ тухайд “Миний тэр их ажлын стресс, ядаргаа намайг улам бүр таргалуулж байсан байна лээ. Үнэндээ би тийм их иддэггүй. Турахыг хичээвч улам бүр таргалаад байгаа нь намайг галзууруулах шахаж байсан. Энэндээ улам бүр бухимдаад, харин бухимдал намайг таргалуулаад байсныг ойлгосон. Тэр үед завсарлага авсан нь маш зөв шийдвэр болсон. Би йогоор хичээллэж, гэртээ дасгал хийж бас эрүүл хооллосон. Гэтэл тэгж их хичээгээгүй байхад аажимдаа турж байгааг анзаарсан. Хүүтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, тараасан тоглоомыг нь татаж аваад, гадуур хамт салхилж тоглоод нэг мэдсэн турчихсан байсан шүү.”

 

Келли Осборн

“Drop Dead Diva” киноны од маань жин, биеийн галбиртайгаа удаан хугацаанд тэмцэж байгаа. Тэрээр энэ тухайгаа “Намайг хэвлэлээр байнга л тарган, царай муутай гэдэг. Үргэлж ингэж хэлүүлээд байхаар сүүлдээ өөртөө итгэх итгэлгүй болчихдог юм байна лээ. Үнэндээ сүүлдээ бүр турах гэж хичээхээ ч больсон” хэмээсэн байдаг. Гэсэн ч тэрээр “Ододтой бүжиглэе” шоунд зориглон орсноор их хэмжээний жин хасч чадсан юм. Түүний бүжгийн хамтрагч тайзан дээр ч, тайзнаас буугаад ч түүнийг ямагт дэмжиж, жингээ хасахад нь тусалсан байна. “Тэр надад цацагт хяруулын мах, салат идүүлж, уураг ихтэй, нүүрс ус багатай хоолны дэглэм бариулж, энэ нь намайг эрч хүчтэй байлгана гэж тайлбарласан. Тэрний зааж өгсөн хоолнуудыг идээд, өдөр шөнөгүй бүжиглэж, хөлсөө урсгаад үнэхээр турж болдог юм байна гэдгийг анх мэдэрсэн” хэмээн Келли онцолсон юм.

Ребел Вилсон

Хамгийн гайхалтай өөрчлөлтийг харуулж чадсан нэгэн бол жүжигчин Ребел Вилсон. Махлаг, мяраалаг төрхөөрөө бидний нүдэнд дасал болоод байсан жүжигчин бүсгүй их хэмжээний жин хасч, танигдахын аргагүй болж өөрчлөгдсөн. Энэ гайхалтай үр дүнг авчрахад түүнээс асар их тэвчээр, хүч хөдөлмөр шаардагдсан гэдэг нь мэдээж. Бүсгүй хамгийн эхэнд хооллолтоо өөрчилсөн. Түргэн хоол, амттан, гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж, төрөл бүрийн ногоо, жимс болон мах идэж биеэ эрүүлжүүлэх болжээ. Үүний дараагаас хувийн дасгалжуулагчтай болж, зааварчилгааны дагуу төрөл бүрийн дасгал хийж, жингээ хасч эхэлсэн байна. Өдөр бүр дасгал хийдэг ба нэг төрлийн дасгалаар нүдэх биш, бүх төрлийн булчин ажиллуулах янз бүрийн дасгал хийдэг байсан аж. Мөн дасгалынхаа хажуугаар өглөөдөө гүйж, ууланд авирч, зүгээр суухгүйгээр бүтэн жилийн турш хөдөлмөрлөсөн. Үүний үр дүнд тэрээр 30 кг жин хассан юм. Одоо ч тэрээр өдөр бүр фитнесд явдаг, эрүүл хооллодог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!