Угаалгын машинд угааж болохгүй хувцасны төрлүүд: Хувцас болон машин аль алинд халтай

Угаалгын машин нь бидний цагийг асар их хэмнэж, амьдралыг илүү амар хялбар болгож өгдөг хүн төрөлхтний хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Хувцас хатаах, бүр индүүдэх функцтэй орчин үеийн загварууд ч гарч улам бүр хөгжингүй болж байгаа. Гэхдээ харсан бүх хувцсаа шууд л угаалгын машинд хийгээд байж болохгүй. Зарим төрлийн хувцсыг угаалгын машинаар угаахад тохиромжгүй байдаг бөгөөд энэ нь хувцас болон угаалгын машин аль алинд нь халтай байдаг. Өнөөдөр та бүхэндээ угаалгын машинд хийж угааж болохгүй хувцаснуудыг танилцуулж байна.

Нээлттэй цахилгаан болон товчтой хувцас

Мэдээж та товч, цахилгаантай хувцсыг угаалгын машинаар угааж болно. Гэхдээ мөрдөх ёстой алхамууд бий. Цахилгааныг нь татаж, товчыг нь тайлах хэрэгтэй. Хувцасны цахилгааныг таталгүйгээр угаалгын машинд хийснээр цахилгаан нь эвдрэх, гацдаг болох гэх зэрэг асуудал үүснэ. Харин товчийг нь тайлалгүй тэр чигээр нь угаалгын машинд хийж эргүүлбэл төмөр товч нь угаалгын машин дотор зураас үүсгэж, цаашлаад гэмтээж ч болох юм.

Торон хувцас

Торон материал нь хэтэрхий нимгэн, эмзэг тул угаалгын машинаар угааснаар урагдах, сэмрэх аюултай. Ийм төрлийн хувцсыг гараар, хүйтэн усанд угаахыг зөвлөдөг. Мөн гараар угаахдаа хэтэрхий нухчиж үрж болохгүй.

Гялалзсан чимэглэлтэй зүйлс

Гялалзсан чимэглэл бүхий хувцсыг угаалгын машин руу хийж болохгүй. Тус чимэглэлийг хувцсан дээр оёж тогтоосон бол угаалгын машинд угаах явцад оёдол нь урагдана. Харин нааж тогтоосон бол угаалгын машинд эргэлдэх халуун ус цавууг нь хайлуулж, чимэглэлийг хувцаснаас салгаж орхино.

Усны хувцас

Машинд угаах үед усны хувцасны уян материал нь халаалт, эргэлтээс болж хэлбэрээ алдаж болзошгүй. Тиймээс усны хувцсыг гараар, бүлээн усаар угаах нь дээр.

Амьтны үс наалдсан хувцас

Амьтны үс наалдсан хувцсаа угаалгын машинд угааж болохгүй. Тус амьтны үс нь бусад хамт угааж буй хувцсанд наалдахын зэрэгцээ ус зайлуулах хоолойг бөглөрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд эхлээд хувцсанд наалдсан үсээ цэвэрлэж аваад, дараа нь угаалгын машинд хийж угааж байгаарай.

Хүүхдийн оймс болон бусад жижиг хувцас хэрэгсэл

Хүүхдийн жижигхэн оймс нь угаалгын машинд угаасны дараа ор мөргүй алга болчихдог. Үнэн хэрэгтээ тэдгээр жижигхэн оймснууд угаалгын машины хоолой, ус зайлуулах нүхэнд гацдаг. Эдгээр болон бусад жижиг хувцас эдлэлийг угаахдаа тусгай уутанд хийж угаалгын машинд эргүүлээрэй. Эсвэл гараараа угааж болно.

Зангиа

Зангиа нь ихэвчлэн торгон материалаар хийгдсэн байдаг. Харин тус төрлийн материалаар хийгдсэн хувцас эдлэлийг угаалгын машинд хийж угааснаар агшиж, өнгөө алддаг. Зангиаг хуурай хими цэвэрлэгээнд өгөх л хамгийн зөв арга.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!