Амьдралд бууж өгөөгүй хөгжлийн бэрхшээлтэй бүсгүй аз жаргалаа өөрөө хайж олсон гайхалтай түүх

Амьдрал тааварлашгүй. Амжилт, баяр хөөрөөр дүүрэн амьдарч байсан ч, нэг л өдөр асар том бэрхшээл хаалга тогшоод ороод ирнэ. Харин үүнийг даван туулж, эргээд өөртөө аз жаргалыг авчирч чадна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг билээ. Өнөөдөр та бүхэндээ хүнд хэцүүд бууж өгөлгүй тэмцэж яваа үзэсгэлэнтэй бүсгүйн түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.

Түүнийг Челси Хилл гэдэг бөгөөд өдгөө 29 настай. Тэрээр үндэсний хэмжээнд яригдах авьяаслаг, чадвартай бүжигчин байсан ч, 17 насандаа өвчний улмаас суумгай болсон юм.

Эхэндээ тэрээр сэтгэл гутралд орж, гэрийнхэнтэйгээ ч ярихаа больсон. Нэлээдгүй хэдэн сар ийм байдалтай байсны дараа ээж нь түүнд бүжгийн бичлэгүүдийг нь үзүүлсэн байна. Харин бүжиглэх хүсэл, эргээд хөл дээрээ босох мөрөөдөл нь түүнийг хүчирхэг нэгэн болгосон аж.

Эмчилгээндээ идэвхитэй орж, дасгалуудаа ч хийж, эргээд алхдаг болохыг тулд маш их хичээсэн. Магадгүй хүний хичээж болохоос ч илүү ихээр хичээсэн. Гэсэн ч харамсалтай нь бүх зүйл түүний санаснаар болоогүй.

 

Челси энэ бүхэнтэй эвлэрэх хэрэгтэй болсон. Мэдээж амар хялбар байгаагүй ч, бүсгүй энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө аз жаргалтай болгох өөр арга замыг хайж эхэлжээ. Харин эрлийн төгсгөл нь эргээд бүжиг байв.

Тэрээр тэргэнцэр дээр суудаг боловч бүжиглэх хүсэлтэй хүмүүст зориулан “Rollettes” хэмээх бүжгийн клубыг үүсгэн байгуулсан. Эхэндээ бүсгүй өөртэй нь ижил асуудалтай хүмүүстэй ойр дотно байж нөхөрлөхийг хүссэн ч яваандаа энэ нь илүү том зорилготой, утга учиртай болж хувирсан.

Бүсгүй энэ тухайд “Хөгжлийн бэрхшээлтэй боллоо гээд амьдрал дуусахгүй. Бид бусад шиг алхаж гүйж чадахгүй ч, хүсэл мөрөөдөл тэмүүлэл гэж бий. Тийм болохоор өөртэйгээ адилхан бүсгүйчүүдийг цуглуулсан юм. Бид бүжиглэдэг, хөгжилддөг, амралтын өдрүүдээр хамт үдэшлэг зохиодог, кофе ууж амттан идээд амьдралын тухай ярилцдаг. Нэгнийхээ асуудлыг мэддэг болохоор бүжгийн клубын гишүүд гэхээс илүү гэр бүл шиг л байдаг. Өөртөө бас тэдэнд амьдрах урам зориг өгсөндөө маш их баяртай байдаг” хэмээжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш Челси өөрийг нь хайрлах нэгэнтэй учрахгүй байх хэмээн эмээж байв. Гэсэн ч бурхан түүнд гайхалтай хайрыг бэлэглэсэн юм. Эерэг хандлагатай, үргэлж инээмсэглэж явдаг, өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдөлтэй, гэгээлэг бүсгүй насны хайртайгаа учирч 7 жил үерхсэний дараа хуримаа хийсэн билээ.

Челси өөрийн амьдралын тухай инстаграм хуудаснаа хуваалцах дуртай бөгөөд хүмүүст урам зориг өгдөг. Тэрээр ахин нэг удаа хөл дээрээ босохын тулд оролдож байгаа төдийгүй ахицтай байгаа тухайгаа хуваалцжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!