Их мөнгөтэй, алдар нэртэй байлаа гээд аз жаргалтай амьдарч чаддаггүй болохыг батлах алдартнууд: Тэд бидэнд юу зөвлөх бол?

Алдартнууд гэхээр л төгс төгөлдөр амьдралтай, өдөр бүр жаргалтай байдаг юм шиг санагддаг. Гэвч бодит байдал дээр тэд ч бас бидэн шиг л зүдэрч шаналж, уйлж уйтгарладаг. Энэ талаараа илэн далангуй ярьж, өөрийн туулсан бүхнийг хуваалцсан олны танил бүсгүйчүүдийг танилцуулж байна. Тэд бидэнд ямар зөвлөгөө өгөх бол?

Селена Гомез – чонын хөрвөдөс өвчний түүх

Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез бөөрний дутагдлаар илэрдэг, эрхтэн тогтолцооны өвчинтэй гэдгээ нуудаггүй байсан. Ийм өвчтэй хүн бөөрөө солиулахаас өөр замгүй болдог. 2017 онд жүжигчин Франсия Райса гэх найз нь өөрийн бөөрийг түүнд өгч, Селенад амьдрал бэлэглэсэн билээ. Селенагийн тухайд өөрийн биеийн болон сэтгэлийн өвчин гээд бүх зүйлээ ил гаргаж, фенүүддээ хуваалцдаг. Гаднаасаа төгс төгөлдөр харагдаж, дотроо хүнд хэцүүгээ хадгалж явахыг хүсдэггүй бөгөөд тэр ч бас бусадтай ижилхэн өвддөг шаналдаг хүн гэдгээ илүүтэй харуулахыг хүсдэг байна.

Бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарын дараа дуучин бүсгүйн биеийн жин тогтмол хэлбэлзэж, хянахад хэцүү болж ирсэн. Тэрээр энэ бүхнийг хэтэрхий том сэдэв болгохоо зогсоож, сэтгэцийн эрүүл мэнддээ илүүтэй анхаарах болсон. Ингэхдээ тэрээр өөрийн дуртай хоолыг хийж, хөгжилтэй блогууд хөтөлж, ёстой л өөрийгөө чөлөөтэй байлгаж, илүү их инээж, баяр хөөртэй амьдрах замыг сонгосон билээ.

Сара Жессика Паркер – хөгшрөлт сайхан

Хөгшрөлт бол хүн бүрт тохиолддог байгалийн үйл явц. Холливуудын алдартай бүсгүйчүүд хөгшрөлт, үрчлээсээ нуухын тулд ботокс шахуулж, төрөл бүрийн эмчилгээ хийлгэдэг. Харин Сара Жессика Паркерын тухайд өөрийгөө байгаагаар нь олон нийтэд харуулахыг хүсдэг байна. Тэрээр үрчлээсээ нуух гэж тариа тариулдаггүй, нүүрэндээ мэс хүргэдэггүй. Энэ л түүний жинхэнэ дүр төрх учраас байгаагаар нь харуулахыг л хичээдэг аж.

Барби Феррейра — өөртөө итгэх итгэлд хэмжээ хамаагүй

Барби Феррериа нь “Euphoria” цувралд бүтээсэн дүрээрээ алдаршаад байгаа билээ. Тэрээр жүжигчин бас plus size загвар өмсөгч. Эмэгтэй хүн бүрийг нэг хэвэнд цутгасан мэт туранхай, гоолиг байх ёстой гэж нийгэм шаарддаг. Харин Барби нь энэ бүхэн нь ямар ч утгагүй, эмэгтэй хүн эрүүл бас өөртөө хайртай, өөртөө итгэлтэй байхад л хангалттай гэж итгэдэг нэгэн. Тийм ч учраас бүсгүй инстаграмдаа өөрийн засч янзлаагүй, ямар нэгэн филтер ашиглаагүй зургуудаа хуваалцаж, өөртөө ямар их дуртай, хэчнээн их итгэлтэй болохоо ч зарладаг. Өөртөө итгэх итгэл зөвхөн гоолиг, туранхай бүсгүйчүүдэд л байдаг гэж үү? Та ч бас өөртөө сэтгэл хангалуун, өөртөө хайртай байх бүрэн эрхтэй гэдгийг Барби Феррериа сануулж байна.

Кендалл Женнер – “төгс” арьс гэж байдаггүй

Супер модель Кендалл Женнер ямагт төгс харагддаг нэгэн. Тэрээр загварын тайзан дээр алхахдаа өөгүй цэвэрхэн арьстай мэт харагдах ч, үнэндээ батганы сорви ихтэй. Бүсгүй энэ тухайгаа олонд дэлгэж ярьж байсан бөгөөд хэн ч төгс биш гэдгийг үүгээрээ сануулахыг хүсчээ.

Адель — төрсний дараах сэтгэл гутрал

Алдартай дуучин бүсгүй нь 2012 онд ээж болохдоо сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, төрсний дараах сэтгэл гутралтай нүүр тулсан. Хүү нь төрснөөс хойш, түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн.

Тэрээр зөвхөн хүүдээ анхаарч, өөрийгөө бүр мөсөн орхигдуулсан бөгөөд өөрийн мөн чанараа алдаж, сэтгэл гутралд орсон байна. Угтаа бол олонд хайрлагдсан чадвартай дуучин атал өөрийгөө орхигдуулж, амьдралаа алдаж буй мэдрэмж төрж байсан болохыг хуваалцжээ. Тэрээр өөрт төрж байсан мэдрэмж, хэцүү бүхнийг хуваалцаж, сэтгэл зүйн асуудал, сэтгэцийн өвчин хэнийг ч ялгадаггүй болохыг онцолсон байдаг.

Белла Хадид — сошиалд нийтлэгдсэн бүхэн үнэн биш

Загвар өмсөгч бүсгүй сэтгэл түгшээсэн асуудлынхаа талаар ярьж, нийгэмд болон сэтгэцийн өвчтэй хэн бүхэнд ганцаараа биш гэдгээ ойлгуулжээ. Тэрээр “сошиалд харагдаж буй сайхан бүхэн бодитой биш. Инээсэн зургаа нийтэлсэн хүн яг одоо уйлж сууж байж ч болно. Сошиалд хууртаж, өөртэйгээ харьцуулж, энэ хүмүүс ингэж сайхан амьдарч байхад яагаад би гэхчлэн өөрийгөө голж болохгүй.” хэмээсэн аж. Мөн Белла сэтгэцийн асуудалтай болоод удаж байгаа, үүнийгээ даван туулахын тулд маш их хичээж байгаагаа хэлсэн байдаг. Түүний инстаграм хуудас руу зочилвол илүү ихийг мэдэж авах боломжтой.

Камила Кабелло — жинхэнэ эмэгтэйчүүд ийм л харагддаг

Бидний бие цаг хугацаа, янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг. Дуучин Камела сүүлийн үед багагүй жин нэмж, хүмүүсийг гайхшруулсан. Мэдээж түүнийг элдвээр доромжилж, шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан нь лавтай. Харин энэ бүхэнд хариу болгож Камелла “Бусдад таалагдах гэж хоолоо хасч, өөрийгөө зовоодог чинь хоцрогдсон. Эмэгтэй хүн бүрт целльют, язралтын сорив, унжсан гэдэс байдаг юм. Үүнээсээ тэгтлээ ичиж, өөрийгөө хог шаар мэт харьцах хэрэггүй” хэмээжээ.

Бэбэ Рекса – сэтгэцийн эрүүл мэнд чухал

Хувийн асуудал эсвэл сэтгэцийн өвчний талаар илэн далангүй ярих нь тийм ч амар биш. Гэхдээ ингэж дэлгэх нь өвчнөө эмчлэх нэгээхэн арга аж. 2018 онд тэрээр хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогдсон бөгөөд эхэндээ ямар нэг зүйл буруу байгааг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч, өөрийгөө нээж чадсан.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!