Хэнд ч хэрэггүй гээд нураах гэж байсан тосгоноо аварч, инстаграм залуусын мөрөөдлийн газар болгож өөрчилсөн Тайвань өвөө

Амьдрал гайхалтай зүйлсээр дүүрэн. Анир чимээгүй амьдарч ирсэн өвөө нэг л өдөр будаг багсаа аваад тосгоноо тэр чигт үлгэрийн орон мэт болгож будчихсан. Харин түүний бүтээлүүдийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүмүүс ирдэг гэх юм. Энэ гайхалтай биш гэж үү?

Хуан Юн-фу болон Нантун тосгонтой танилц

Тайванийн Нантун дүүргийн нэгэн жижиг тосгонд амьдрах хүн үлдсэнгүй. Бараг л эзэнгүй хоосон гэж хэлж болно. Гэсэн ч тэсээд үлдсэн 11 хүн бий. Тэдний дунд 86 настай Хуан Юн-фу өвөө бий. Тэрээр хэлэхдээ “Намайг энд ирэхэд тосгон 1200 өрхтэй байсан. Бид бүгд яг л нэг гэр бүл мэт их дотно байсан сан. Орой бүр хамт сууж элдвийг ярилцана. Баяруудаа хамтдаа тэмдэглэж, уйдах завгүй амьдарч ирж дээ” хэмээжээ.

Одоогоос 10 орчим жилийн өмнө Тайваний засгийн газар тус тосгоныг нурааж, оронд нь орон сууцны хороолол барих шийдвэр гаргаж, оршин суугчдад нөхөн төлбөр төлж өөр газар нүүх санал тавьжээ. Хүмүүс бүгд нүүж, Хуан өвөө үлдсэн нь энэ. Тэрээр дурсамжаар дүүрэн гэрээ зүгээр нураад унахыг хараад суухыг хүсээгүй тул зурж эхэлсэн байна.

Хуан мэргэжлийн зураач биш. Тэр зүгээр л зурах дуртай

Эхлээд тэрээр байшингийнхаа хананд шувуу зуржээ. Тэндээс тэрээр амьтад, шувууд, цэцэг, хүмүүсийг нэмсээр удалгүй бусад барилгууд руу шилжсэн. Тосгоны булан тохой бүрийг хамгийн тод будаг, хамгийн гайхалтай загвараар бүрхэх хүртэл тэр зурсаар байв.

Их сургуулийн оюутнууд санамсаргүй өнгөлөг тосгоноор дайрч гарахдаа Хуан өвөөтэй таарч түүний түүхийг анхааралтай сонсож, түүнд туслахаар болжээ. Хүүхдүүд цөөн хэдэн зураг зурж, тосгоныг аврах хүсэлт бүхий хандивын аян эхлүүлсэн байна.

Энэ мэдээ цахим ертөнцөөр тарж, “Солонго тосгон” мэндэлжээ.

Гэрэлтэй, өнгөлөг, ер бусын бүтээлч урлагийн бүтээлүүд нь зочдын сонирхлыг татав. Энэ түүх олон нийтийн анхаарлыг татсаны дараа Тайваний засгийн газар нураах тушаалыг цуцалж, оронд нь тосгоныг жуулчдын сонирхлыг татах, соёлын өвийн газар болгон үлдээхээр шийджээ. Хамгийн сайн нь Хуан гэр орноо авч үлдэж чадсан юм.

Жил бүр 2 сая хүн Солонго тосгоныг үзэхээр ирдэг.

Солонго тосгон аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болсон бөгөөд инстаграм одуудын заавал очиж үзэхийг хүсдэг газар юм. Хуан энэ бүхнийг өөрөө харж ханддаг. Муухай болсон, халцарсан зургийг засч, шинээр зурах гэхчлэн түүнд хийх ажил их.

Өөрийн гэр орон, тосгоноо аварч үлдсэн хөдөлмөрч өвөөгийн түүх танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!