Манай улсад үйлчилдэг байсан ч болоосой гэж хүсэхэд хүргэх маш хэрэгцээтэй хууль дүрмүүд

Бид мэдээлэл урьд өмнөхөөсөө илүү хурдан тархдаг цаг үед амьдарч байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс мэдээ мэдээллээр байнга бөмбөгддөг. Энэ их мэдээллийн урсгалд төөрөх, сэтгэл санаа амархан хувьсан өөрчлөгдөх гэх мэт зан чанарын өөрчлөлтүүд их гарна. Тэгвэл энэ дундаас онцлон улс орнуудад мөрдөгддөг хэрэгцээтэй хууль тогтоомжуудыг танилцуулж байна. Манай улсад ч бас энэ хууль дүрмүүд үйлчилдэг бол сайхан биш гэж үү.

Саяхан Португалийн хуулинд ажлын цаг дууссаны дараа дарга нар нь ажилчид руугаа залгах, холбогдох, ажил даалгах зэргийг хориглосон.

Ажил амьдралын тэнцвэрийг сайжруулахын тулд Португал улс 2021 онд шинэ хууль баталж, дарга нар ажлын цаг дууссанаас хойш ажилчидтайгаа холбоо тогтоохыг хориглосон. Яаралтай нөхцөл байдлаас бусад тохиолдолд ажил олгогчид ажлын асуудлаар мессеж бичих, имэйл илгээх, ажилчдаа дуудах зэргийг хуулийн заалтаар хориглосон аж.

Норвегид инстаграм инфлюнсерүүд засвар оруулсан зураг нийтэлсэн бол энийгээ мэдэгдэх ёстой.

 

Энэхүү хууль нь инфлюнсерүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр засварлаж өөрчилсөн, хэтэрхий төгс харагдах гэж хичээсэн хуурамч байдал, зургуудтай тэмцэх зорилготой юм. Хэрэв тухайн олон дагагчтай инстаграм хэрэглэгч зургандаа засвар оруулсан бол нийтэлсэн зурагныхаа тайлбарт тусгай “tag” ашиглах ёстой гэнэ.

Швейцарийн Базель хотод шинээр баригдах бүх барилгууд ногоон байгууламж бүхий дээвэртэй байх ёстой.

Энэхүү хууль батлагдсанаар Базель хот шинээр баригдсан барилгуудад ногоон байгууламж бүхий дээвэртэй байх шаардлага тавьсан дэлхийн анхны хот болж байна. Саяхан шинэчлэгдсэн, засвар хийгдсэн барилгуудад ч тус хууль ижил үйлчилнэ. Энэ нь утаа, агаарын бохирдолтой тэмцэх нэгээхэн арга болж буйгаас гадна оффис ажилчид, үйлчлүүлэгчдэд чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх боломжийг гаргаж өгч байгаа юм.

Уэльсийн гэр бүлд шинэ хүн мэндэлсэн бол 2 мод тарих ёстой.

Уэльсийн Засгийн газрын гаргасан энэхүү санаачилгаар хүүхэд бүрийн төрсөн өдрийг тэмдэглэж, нэг модыг Уэльст, нөгөөг нь Угандагийн ойгүй бүсэд тарьж ургуулдаг. Үрчлэгдсэн хүүхдүүд ч мөн адил. Тухайн гэр бүл хүүхэд үрчилж авсны дараа мөн адил мод тарих үүрэг хүлээнэ.

Испанид 2023 он гэхэд жимс, хүнсний ногооны нэг удаагийн пластик уут хэрэглээнээс гарна.

Энэ хууль Испанид ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Үйлчлүүлэгчид дэлгүүр эсвэл захаас жимс, хүнсний ногоо худалдаж авахдаа дахин ашиглах боломжтой сав, уут хэрэглэх ёстой. Эс бөгөөс тэдэнд торгууль ногдуулах, үйлчилгээ үзүүлэхгүй байх гэх мэт арга хэмжээг авах юм.

Калифорнид хүнсний дэлгүүрүүд хүнсний бүх хог хаягдлыг хандивлахыг шаарддаг хууль байдаг.

Тус хууль дөнгөж 2022 оны эхээр хэрэгжиж эхэлсэн. Хүнсний жижиглэн худалдаачид хүнсний бүх хаягдлыг хэрэгцээтэй хүмүүст хандивлах үүрэгтэй. Түүгээр ч зогсохгүй Калифорни муж ирээдүйд ресторан, зочид буудлуудад энэ хуулийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Өмнөд Африкт арсланг олзлон үржүүлэхийг хориглодог.

Өмнөд Африкт зэрлэг байгалийн арслангаас илүү олон арслан хүмүүсийн эрхшээлд торны цаана амьдардаг. Тиймээс арсланг олзлон үржүүлэх, агнах, гэрийн тэжээвэр болгож сургах зэргийг хуулинд хоригложээ.

Франц улс эко тээврийг дэмжих үүднээс дотоодын богино нислэгийг хориглов.

Ойрын зайн богино нислэгийг хориглож, оронд нь галт тэргээр зорчихыг санал болгож байгаа аж. Галт тэргээр зорчих нь илүү хямд бөгөөд агаарыг онгоцноос хамаагүй бага бохирдуулдаг тул энэхүү хориг нь эко аялал жуулчлалыг дэмжих бодлого болж байгаа юм.

АНУ-ын зарим мужид нохойгоо хүйтэн цаг агаарт гадаа орхих нь хууль бус үйлдэлд тооцогдоно.

Саяхан Пенсильвани мужид нохой эзэмшигчид гэрийн тэжээвэр амьтдаа 30 минутаас дээш хугацаагаар хэт хүйтэн эсвэл хэт халуун цаг агаарт орхихыг хориглосон хууль баталжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!