Үрэх мөнгөтэй, үзэсгэлэнтэй царайтай байлаа гээд бүгд жаргалтай байдаггүйн тод жишээ болсон Селена Гомез

Дуучин Селена Гомез бол дэлхийн супер од. Хүүхэд байхаасаа л кинонд дүр бүтээж, алдар нэрд гарсан түүний амьдрал бусдын төсөөлдөг шиг амар хялбар байгаагүй. Бага наснаасаа л асар их дарамтад амьдарч эхэлсэн тэрээр 2013 онд ердөө 21 насандаа лупус буюу чонон хөрвөс гэх өвчтэй болохоо мэдсэн. Энэ нь дархлаа хэт идэвхжиж, өөрийн эрүүл эсүүд рүү дайрдаг аутоиммун өвчний цуглуулга юм.

Тэрээр нэгэн ярилцлагадаа “Та нар намайг юу туулж байгааг мэдэхгүй. Би химийн эмчилгээнд орж байгаа” хэмээн дурдаж, энэ нь түүний шүтэн бишрэгчдийг айлгаж орхисон юм. 2014 оноос хойш дуучин бүсгүй хэд хэдэн эмчилгээ хийлгэсэн билээ.

2016 онд тэрээр завсарлага авахаар шийдэж, “Би лупус буюу чонын хөрвөс гэдэг өвчтэй. Энэ нь олон талаар биед сөрөг нөлөө үзүүлдэг. Зөвхөн бие махбодь ч биш, сэтгэл санааг тогтворгүй болгож, байнгын айдас түгшүүр мэдрүүлдэг. Би идэвхтэй байж, эрүүл мэнд, аз жаргалаа хадгалахад анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байна. Тиймээс хэсэг хугацаанд өөртөө анхаарч, уран бүтээлээсээ завсарлага авч байна” хэмээн албан ёсны мэдэгдэл гаргасан билээ.

Тэр жилийн сүүлээр Селена Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр анх удаа олны өмнө гарч ирсэн. “Миний дотор хүн шархалж, эвдэрчихсэн байсан. Би инстаграм гүйлгэж та нарын хүчээр тодруулсан инээмсэглэлийг хармааргүй байна. Гаднаа сайхан байгаа шигээ, дотроо ч бас аз жаргалтай гол нь эрүүл байгаасай гэж хүсч байна. Сэтгэл зүй чинь асуудалтай болсон бол тэр хэвээр нь хэзээ ч битгий орхиорой.” хэмээн тайзан дээрээс хүмүүст хандаж хэлсэн юм.

2017 оны эхээр Селена Гомез сэтгэл гутрал, дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэл зэрэг хүнд хэцүү асуудлуудыг өгүүлдэг романаас сэдэвлэсэн 13 шалтгааны цуврал киног бүтээхэд оролцсон.

“Би залууст туслахыг маш их хүсч байна. Өөрийн чадах зүйлээр тэдэнд тусалж, бага ч болов гэрэл гэгээ авчрахыг л хүсдэг. Энэ цувралын тухайд нийгмийн хөшигний цаана нуугдсан үнэн төрхийг ил гаргаж, олон залууст ухаарал хайрлах байх гэж найдаж байгаа” хэмээжээ.

2017 оны есдүгээр сард Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд өөрийн дотны найзуудын нэг жүжигчин Франсиа Раисагаас бөөрийг нь авсан. “Найз минь надад хамгийн нандин бэлгийг өгсөн. Өөрөөсөө тийм их зориг гаргаж, өөрийгөө золиослож намайг аварсан сахиусан тэнгэр. Чамдаа маш их хайртай шүү” хэмээн инстаграм хуудаснаа тус зургийн хамт нийтэлж, дэлхий нийтийг шоконд оруулсан. Энэ хүртэл Селена алхам тутамдаа эмчилгээ хийлгэж, бие махбодь болон сэтгэл зүйгээ эрүүл болгохыг хичээсээр байсныг хүмүүс сая нэг ойлгосон юм.

2018 оны 9-р сард жүжигчин сэтгэл санааны хямралд орсон тул сэтгэл зүйн төвийг зорьсон байна. Тэрээр хэд хэдэн шинжилгээ хийлгэсэн бөгөөд цусны цагаан эсийн тоо маш бага байгаагаас бие нь хямрах болсон аж. Селена ахин нэг удаа өөртөө анхаарч, илүүтэй цаг гаргахаар сошиал хаягуудаа хааж, хугацаагүй амралт авав.

Гурван сарын дараа тэрээр “Энэ бүхэн, миний туулж байгаа зүйлс үнэхээр амаргүй. Гэхдээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж, илүү дээр хүн болж байгаадаа баяртай байна” гэснээр инстаграм хуудаснаа эргэн ирсэн юм.

2020 оны эхээр Селена нэгэн ярилцлагын үеэр “Би хамгийн шилдэг сэтгэцийн эмнэлгүүдийн нэгд очсон… Тэнд олон жил очиж ярилцаж, эмчилгээ ч хийлгэсэн. Эцэст нь би хоёр туйлт сэтгэцийн өвчтэй гэдгээ ойлгосон. Үүнд тохирсон эмчилгээ хийлгэж, одоо би өөрийгөө эрүүлээр мэдэрч байгаа. Сошиал медиагаас завсарлага авсан нь миний сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө хийсэн хамгийн зөв шийдвэр байсан” хэмээсэн билээ.

“Би маш олон зүйл туулж гарсан. Чонон хөрвөс өвчнөөс авахуулаад бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар, химийн эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээ. Энэ бүгдээс гадна надад ирдэг тэр их дайралт, гүтгэлэг. Хаана ч явсан дагаж, зураг дарах папарациуд гээд л. Одоо бас намайг яамаар байна, яаж зовоомоор байна ч гэж асуумаар санагддаг өдрүүд олон. Гэсэн ч эцэст нь би энд байна. Бүгдийг нь туулж л явна.”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!