Оросын сайтад Монголчуудын тухай бичсэн сонирхолтой 19 баримт

Бидний хөрш гэгдэх Оросууд Монголчуудын аж ахуй, хэв шинжийн талаар судлан нийтлэсэн дараах мэдээллийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Төгсгөлгүй тэнгэрийн хаяа зочломтгой ард түмэн, нүүдэлчин амьдрал зэргээр Монгол орныг төсөөлдөг. Гэвч энэ улсад онгон дагшин байгаль, давтагдашгүй түүх соёл, хувцас хэрэглэл гээд бидний төдийлөн сайн мэддэггүй олон зүйлс байдаг.

1. Оддын дайн киноны Амидала хатны хувцсыг урлахдаа монголын хатан Гэнэнпилийн хувцаснаас санаа авчээ.

Үүгээр ч зогсохгүй Эвокс буюу баавгайн бамбарууштай төстэй харагддаг харь гаргийнхан, кинонд зориулж бүтээсэн хэлээр ярихдаа монгол хэлний Ойрад хэлийг ашигласан. Сарлаккын элсний хорхой, Иодагийн яриа ч бас Монголоос үүдэлтэй гэсэн таамаг байдаг.

2. Хөвсгөл нуурыг “Байгаль нуурын дүү” хэмээн нэрлэдэг.

Уг нуур нь гарал үүсэл, ус зүйн горим, эрдсийн найрлага зэргээрээ Байгаль нууртай тун төстэй. Хөвсгөл орчмын нутаг нь Монголын аялал жуулчлалын төв хэсэг юм. Дулааны улиралд усан онгоцоор аялж, тайгын амьдралыг үзэж сонирхох боломжтой бол өвлийн улиралд жил бүр зохиогдох мөсний баярт оролцон чаргаар гулгаж, хөгжилдөх бололцоог бүрдүүлжээ.

3. Монголд далайн гарц байхгүй ч усан флотууд байдаг.

Монголын эзэнт гүрний үед усан флот нь хамгийн томд тооцогддог байсан бол 1990-ээд онд дэлхийн хамгийн жижигт бүртгэгджээ. Тухайн үед 1 завь 7 багийн гишүүдээс бүрддэг байсан бөгөөд энэ завь нь одоог хүртэл Хөвсгөл далайд оршдог гэнэ.

4. Монгол нутагт МЭӨ 1-р мянганы эхний хагаст үүссэн байж болох хавтгай чулуунууд байдаг ба хэрэглээ, гарал үүсэл нь тийм ч тодорхой биш

Ихэнхдээ чулуунууд дээр буга дүрсэлсэн байдгаас үүдэн Буган хөшөө гэж нэрлэдэг. Мөн эдгээрийн дэргэд тахил өргөх ёслол үйлддэг байсан байх магадлалтай.

5. Нэг зүгт явсан олон замтай.

Монголд суурин газрын замууд нь ихэвчлэн шороо байдаг бөгөөд нэг чиглэлд явсан хэд хэдэн зэрэгцээ зам бий. Нэг аялагч уг замуудыг хүний амьдрал мэт олон салаа хэмээн зүйрлэжээ.

6. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд долоо хоногийн тодорхой өдрүүдэд заасан дугаартай автомашин жолоодохыг хориглосон байдаг.

Тухайлбал, улсын дугаар 5-р төгссөн бол машинаа баасан гарагт жолоодох боломжгүй ба явсан тохиолдолд зөрчлийн торгууль төлөх шаардлагатай болно.

7. Монгол оронд намар, хаврын улирал бараг л байдаггүй.

Өвлийн улирал ойролцоогоор 5 сар, зуны улирал нь 2-3 сар үргэлжилдэг буюу 7-9 сарыг тооцдог. Жилийн хамгийн их ба бага температурын зөрүү нь 80 градус байдаг.

8. Монголын өвөл маш хүйтэн байдгаас нэлээд малаа алддаг.

Ийм хэт хүйтэн өвлийг нутгийнхан зуд хэмээн нэрлэдэг.

9. Монголд арваад төрлийн бичиг бий.

Эртний монгол бичиг, соёмбо бичиг, дөрвөлжин бичиг гээд бичгийн олон аргыг ашиглаж байснаас гадна Төвд Монгол Санскрит үсгээр бичдэг байжээ. Гэхдээ өнөө цагт хамгийн түгээмэл хэрэглэдэг нь крилл үсэг юм.

10. Монгол Улсын нэг иргэнд 20 гаруй мал ноогддог.

Улсын хүн амын талаас илүү хувь нь хотод амьдардаг ч нийт 67сая гаруй толгой мал хөдөө нутагт идээшиж байна. Энэ тоог тухайн улсын иргэдийн тоонд хуваавал 1 хүнд 20 орчим мал ноогдоно.

11. Монголын ихэнх айл тусдаа мах хөлдөөгчтэй.

Энэ улсынхан мах их иддэгээрээ онцлогтой. Тиймдээ ч махаа бөөнөөр нь авбал илүү хямд тусах нь ойлгомжтой тул өрх бүр хөлдөөгчтэй байдаг гэнэ.

12. Монгол хүмүүс сүүтэй цайнд тун дуртай.

Тиймээс цайгаа илүү баяжуулж банш нэмж иддэг бөгөөд банштай цайг Юнескогийн байгаль орчинд ээлтэй хоолны жагсаалтад нэмээд удаагүй байгаа аж. Монгол нүүдэлчид уг цайг бүх өвчнийг анагаах эм гэж үздэг.

13. Сумо бол тус улсын хамгийн алдартай спортын нэг

Сумогийн ихэнх амжилтын эзэд Монголчууд байдаг. 2002-2016 оны мэргэжлийн сумогийн 88 удаагийн тэмцээний 81-д нь Монгол тамирчид түрүүлсэн бөгөөд Япончуудын дунд хамгийн сайн сумочинг нэрлэх судалгаа явуулахад 75% нь Монголчууд байжээ. Түүнчлэн XXI-р зууны гавьяат тамирчнаар Монголын ёкозүна Хакүхо аварга тодорсон гэдэг. Гэхдээ энэ их амжилтад хүрэхэд хэд хэдэн шалтгаан бий.

  • Монгол хөвгүүд хүүхэд байхаасаа морь унаж хүч чадал, авхаалж самбаагаа хөгжүүлдэг.
  • Бага наснаасаа эцэг эхдээ тусалж, биеийн хүчний ажил хийдэг.
  • Ихэвчлэн сүү, махаар хооллодог учраас бяртай болоход нөлөөлсөн байдаг байна.

14. Сумогийн аварга Долгорсүрэнгийн Дагвадорж бол улсын хамгийн баян бизнесменүүдийн нэг юм.

Тэрээр хэдий зодог тайлсан ч спортын амжилтынхаа ачаар эдийн засагтаа идэвхитэй хөрөнгө оруулалт хийхүйц хангалттай чинээлэг болж чаджээ.

15. Тус улсад ганцхан гэрлэх ёслолын ордон байдаг.

Дашням балжиннямтай өдрүүд нь аливаа үйл хэрэг, ялангуяа гэрлэхэд хамгийн сайн өдөрт тооцогддог тул ихэнх хосууд энэ өдрүүдэд хуримаа хийхийг зорьдог. Билгийн тооллоор намрын шинийн 17-ны өдөр нийслэлийн гэрлэх ёслолын ордон энгийн өдрүүдтэй харьцуулахад 8 дахин их ачаалалтай байдаг бөгөөд өдөр шөнөгүй шахам бүртгэл хийдэг гэнэ.

16. Суурин амьдралыг эрхэмлэдэг Монголчууд зуны цагт тал нутагтаа гэр барьж амьдардаг.

Монгол гэр хаана ч барьж болдог, хямд үнэтэй сууц гэдгээрээ онцлог. Тэд ихэнхдээ гэрээ жуулчдад түрээсэлж эсвэл зуны улиралд зусланд гарахдаа барьдаг ба Ali Express дээр хүртэл худалдаалагддаг байна. Хэрэв та Монгол гэрт орвол хэзээ ч багана түшиж босгон дээр гишгэж болохгүйг санаарай. Энэ нь муу зүйл дагуулдаг хэмээн үзэж гэрийн эзний хүзүүг гишгэсэнтэй ялгаагүй болно.

17. Малгай бол монгол соёлын маш чухал хэсэг.

Энэ орны хүмүүс малгайгаа шалан дээр тавих болон бусдын малгайнд хүрэхийг хориглоно. Мөн сүм хийд, айл гэрт малгайтай орох нь үнэхээр бүдүүлэг үйлдэлд тооцогддог.

18. Монголчууд караокед орж хөгжилдөх нь түгээмэл байдаг.

Зөвхөн нийслэл хотод ч гэлтгүй говийн жижиг тосгонд хүртэл караоке тааралдах ба дуу хөгжимд тун дуртай ард түмэн юм.

19. Монголын үндэсний хөгжмийн зэмсэг – Морин хуур

Хуурны дээд хэсгийг морины толгойн хэлбэрээр сийлж, чавхдасыг нь морины үсээр хийдэг уламжлалтай. Нэг чавхдасыг нь гүүний сүүлнээс 105 хялгас, нөгөөд нь азарганы сүүлнээс 130 хялгас авч урладаг бөгөөд эр, эм зохицлыг бэлгэддэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!