Гоо сайхны хэвшмэл ойлголттой тэмцэж, өөрийгөө баталж чадсан супермодель Винни Харлоу

Ихэнх охид эмэгтэйчүүд бага наснаасаа эхлэн гоё сайхан байх нь өөгүй арьс төгс царайнаас эхэлнэ хэмээн тодорхой үзэл сурталд баригдсан байдаг. Тиймдээ ч буржгар үсээ индүүдэн, жаахан л батга гарах юм бол ихэд сэтгэлээр унадаг бүсгүйчүүд маш олон. Гэвч Винни Харлоу тэргүүтэй гоо сайхны чиг баримтлалыг өөрөөр хүлээн авдаг эмэгтэйчүүдийн ачаар хүмүүс энэ тухай илүү өргөн сэтгэдэг болж, дэлхий ертөнц өөрчлөгдөж байгааг анзаарч болох ба түүний талаарх сонирхолтой түүхийг доор бэлтгэн орууллаа. Магадгүй үүнийг уншаад өөртөө итгэлгүй байсан хэн нэгний үзэл бодол өөрчлөгдөнө гэж найдаж байна.

Виннигийн амьдрал эхэндээ амаргүй байлаа

Түүний жинхэнэ нэрийг Шантел Браун-Янг гэдэг ба Торонто мужид төржээ. Тэрээр 4 настайдаа витилиго гэх арьсны өвчтэй гэж оношлогдсон бөгөөд бага наснаасаа л бусдаас өөр гэдгээ алхам тутамдаа мэдэрдэг байв. Мөн Винни нэгэн ярилцлагадаа “Би эргэн тойрондоо өөр шигээ хүнийг огт харж байгаагүй учир энэ дэлхий дээрх цорын ганц өвөрмөц хүн нь би юм байна гэж боддог байлаа. Дээрээс нь миний энэ байдлаас болж үе тэнгийнхэн их гадуурхдаг байсан нь сэтгэлийн шарх үлдээсэн” хэмээн дурджээ. Гэхдээ тэр өөрөө арьсныхаа асуудалд тийм ч их санаа зовдоггүй, зөвхөн нийгмийн хүрээлэлд дарамт учруулж байсныг давхар хэллээ.

Түүний карьер тун санаанд оромгүй байдлаар эхэлсэн

Ихэнх онцгой хүмүүсийн нэгэн адил Винни санамсаргүй байдлаар олны танил болж загварын гараагаа эхэлсэн гэдэг. Тодруулбал Торонтогийн сэтгүүлч Шеннон Будрам түүний талаар бичлэг хийн, Youtube-д байршуулсан нь тэр дороо 150000 гаруй хандалт авчээ. Түүнээс хойш Шеннон, 16 настай  Виннид фото модель болохыг санал болгон төрлхийн модель хүн гэдгийг нь ойлгуулахыг хичээж, энэ талаар сайтар бодохыг зөвлөсөн байна.

Винни бүх сорилт бэрхшээлийг даван хатуу самар гэдгээ харуулав

Тэрээр 2014 онд буюу 19 настайдаа Тайра Банксын зохион байгуулсан “America’s next top model” шоунд оролцож байхдаа дахин олны анхаарлыг татсан бөгөөд эцсийн шат хүртэл үлдэж чадсан аж. Түүнчлэн Винний энэ тухай “Шоунд оролцож байх үедээ загвар өмсөж чадахгүй эсвэл надад тохирохгүй юм шиг санагдаж олны сэтгэгдлээс санаа зовж байсан” хэмээн ярьжээ.

Эцэст нь загвар өмсөх нь Винни Харлоуг бусдад урам зориг өгөхөд түлхэц үзүүлсэн аж

Өдгөө модель бүсгүй алдартай брэндийн нүүр царай болж, зурагтаар гарч гоо сайхны хэвшмэл ойлголтын талаар өөрийн үзэл бодлоо хуваалцан, зоригтой дуугардгаараа загварын салбарыг донсолгоод байна. Мөн түүний бодлоор гоо сайхан нь бусдын үзэл бодол гэхээсээ илүү өөрийн оюун санаанд оршдог ба үргэлж өөртөө итгэхийг уриаллаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!