Мөөгтэй лечо гэртээ хийж сурцгаая

Шинэхэн ногоонууд худалдаанд гарч, гэр бүлээрээ амин дэмээр баялаг, амттай хоол хүнс идэх боломж гарч ирлээ. Тэгвэл шинэ ургацын ногоогоор амттай лечо бэлтгэж, далд хийгээрэй. Сэрүүн өдрүүдэд таны ажлыг хөнгөвчилж, хоолонд тань амт нэмэх болно. Хамтдаа хэрхэн лечо бэлтгэх аргыг сурч авцгаая.

Орц:

  • Улаан лооль – 5 ширхэг
  • Амтат чинжүү (улаан) – 1 кг
  • Мөөг – 300 гр
  • Сонгино – 5 ширхэг
  • Лууван – 3 ширхэг
  • Улаан лоолийн паста – 450 гр
  • Хар перец – 1 халбага
  • Элсэн чихэр – 60 гр
  • Давс – 2 халбага
  • Уксус – 2 халбага
  • Ургамлын тос – 100 гр
  • Лаврын навч – 3 ширхэг

Тогоондоо ургамлын тосоо хийж халаана. Үүндээ хэрчсэн сонгино, жижиглэн татсан лууван болон лаврын навчаа хийж хуурна. 2-3 минут хуурсны дараа үүн дээрээ хэрчсэн улаан лооль, амтат чинжүүгээ болон мөөгөө хийх хэрэгтэй.

Одоо тогоотой ногоон дээрээ амтлагчуудаа хийнэ. Давс, элсэн чихэр, уксус, хар перец зэргээ хийчихээд, хамгийн сүүлд улаан лоолийн пастагаа хийж тогоогоо таглана.

Ингээд 2 цаг зөөлөн гал дээрээ чанаж лечо бэлэн болох юм. Лечо хийх саваа ариутгаарай. Үүндээ лечогоо хийж, таглаад хөргөгчиндөө хадгалж идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!