Эдгээр хувцсыг зөв угааж сурвал, олон жил болсон ч өнгөө алдахгүй, сунаж агшихгүй

Хувцсаа цэвэрхэн, шинэ хэвээр нь удаан хугацаанд өмсөж эдэлнэ гэдэг тухайн хүнээс багагүй арчилгаа шаардана. Ихэнх хүмүүс хувцасны чанараас хамаарч, хувцасны эдэлгээ урт богино байх нь тодорхойлогддог гэж үздэг ч, үнэн хэрэгтээ та угаалга хэрхэн хийж, хувцсаа хэрхэн угааж байгаагаас шалтгаалдаг байна. Иймд та бүхэндээ хувцас угаахдаа заавал анхаарч байх ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Футволк

Футволкоо ганц нэг удаа өмсчихөөд л угаах гэсний хэрэггүй. Энэ нь хувцасны материал сунах, агших, өнгө нь алдагдах зэрэгт хүргэнэ. Ядаж л хэд хэдэн удаа өмсөж байгаарай. Сүүлийн үед футволкны материалд тусгай тос шингээж үйлдвэрлэх болсон учир долоо хоног өмссөн ч асуудалгүй аж.

30 хэмийн бүлээн усанд угаана. Футволкоо үргэлж дотор тал руу нь эргүүлж байгаад угаалгын машинд хийгээрэй. Мөн будагтай хувцастай хамт хийж болохгүй.

Жинсэн хувцас

Жинсэн хувцсыг угаахдаа мөн адил дотор тал руу нь эргүүлж, цахилгааныг нь тат. Мөн хүйтэн усаар угаахад тохиромжтой. Толбо хир буртаг ихтэй бол 40 хэм хүртэлх бүлээн усаар угааж болно. Угаалгын нунтагийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд аль болох бага хэмжээтэйгээр хийгээрэй. Зөв угаалгын машинаа “delicate” буюу хэврэг, зөөлөн горим дээр тохируулж угаана.

Даавуун цамц

Даавуун цамцнууд угаах явцад хэлбэрээ алдах магадлал маш өндөр. Тиймээс ийм төрлийн цамцыг гараар угаахад илүү тохиромжтой. Ингэхдээ хэтэрхий үрж нухчиж болохгүй бөгөөд болгоомжтой зөөлөн угаана. Цэвэр усаар зайлж, эвтэйхэн мушгиж хатаана.

Куртик

Куртикээ угаалгын машинд хийж угаахаас өмнө бүх цахилгааныг нь татсан байх шаардлагатай. Ямар угаалгын нунтаг ашиглаж байгаадаа анхаарал хандуулаарай. Аль болох зөөлөн угаалгын нунтаг ашиглах хэрэгтэй. Эс бөгөөс хэд хэдэн угаалтын дараар куртик өнгөө алдаж эхэлнэ.

Оймс

Оймснуудыг угаалгын машинд хийж угаагаад гаргаж ирэхэд зарим нэг нь алга болчихсон байдаг шүү дээ. Үүнээс сэргийлэхийн тулд оймснуудаа оймс угаагч тусдаа уутанд хийж угааж байгаарай. Хэрэв танд оймсны уут байхгүй бол шилэн трикогоо тайрч ашиглаж болно. Шилэн трикондоо оймснуудаа тааруулж хийгээд угаалгын машинд хийж эргүүлнэ.

Пүүз

Зөвхөн даавуун материалтай пүүзийг л угаалгын машинд хийж болно. Гэхдээ дангаар нь хийж болохгүй. Заавал алчууртай хамт хийж байгаарай. Мөн улавчийг гараар угаана. Үдээсийг авч, дэрний уутанд эсвэл оймсон дотор хийж, угаалгын машинд хийгээрэй.

Гэрийн шаахай

Даавуун гэрийн шаахайг угаахдаа улавч хэсэгт нь хүнсний сода сайтар түрх. Ингээд угаалгын машинд хийж, хүйтэн усаар угаана. Ингэснээр бохирдол нь сайн арилах төдийгүй таагүй үнэр нь алга болох юм.

Дэр

Дэрийг жилд 2-оос доошгүй удаа угаах хэрэгтэй. Ингэхдээ угаалгын нунтагны оронд гелэн угаалгын бодис ашиглаарай. Мөн хүйтэн усаар, зөөлөн горим дээр тохируулж угаахыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!