Кино хийсэн ч болохоор хамгийн гайхалтай хайрын түүхийн эзэд ханхүү Вилльям болон Кейт Миддлетон

Эмэгтэй хүн бүр л хүүхэд байхдаа гүнж болохыг мөрөөдөж, цагаан морьтой ханхүүгээ хүлээдэг байсан. Харин бодит амьдрал дээрх гүнж болох Кейт Миддлетон болон ханхүү Вилльям нарын гайхалтай хайрын түүхийг онцгойлон хүргэхээр бэлтгэлээ.

Тэдний анх танилцсан түүх

Энэ бүхэн Сент Эндрюсийн их сургуулиас эхэлсэн. Тэд хоёулаа Урлагийн түүх судалж байсан бөгөөд ханхүү Вилльям, Кейтийг эчнээ таньдаг байсан ч, ойр дотно харилцаатай болж чадалгүй хэсэг хугацаа өнгөрсөн байна. Кейт, ханхүүг шохоорхон хардаг байсан ч харц тулгарах бүртээ ичингүйрч зугтдаг байсан тухайгаа хожим дурсан ярьсан байдаг.

Эхлээд тэд найзууд болж, удалгүй хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Ханхүү Вилльям, Кейтийг бусдаас өвөрмөц, цаанаасаа л сэтгэл татам нэгэн болохыг анзаарч, өөрийн мэдэлгүй ихэд татагдаж, найз бүсгүйгээ болгохын тулд тун ч хичээсэн гэнэ.

Мэдээж Английн ханхүүтэй болзоно гэдэг амаргүй шийдвэр. Тэдний болзож эхэлсэн даруй кампус даяараа мэдэж, хосуудын талаарх цуурхал газар авч байв.

Бодит байдал дээр бууж ирсэн харилцаа

Ханхүүг коллежид суралцаж байх хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг мөрдөж мөшгиж, түүний талаар мэдээ мэдээлэл түгээхгүй байх үүрэг хүлээсэн байсан тул хосуудын коллежийн болзоо тун ч аз жаргалтай байсан гэхэд болно. Харин коллежоо төгссөний дараа дурлалт хосууд маань бодит байдалтай нүүр тулав.

Английн шар хэвлэлүүд хосуудын талаар өдөр бүхэн мэдээ бичиж, улс орон гэлтгүй дэлхий нийтэд тарааж орхив. Кейтийг язгууртан гаралтай биш тул ард иргэд нийтээрээ түүнд дургүйлхэж, үзэн ядацгааж байв. Тэдний гэр бүлийг дундаж давхаргынхан, ээжийг нь бохь зажилдаг ёс зүйгүй нэгэн, эгчийг нь алдар нэрд гарахын тулд дээшээ мацагч гэхчлэн элдэв хоч өгч, хосуудыг амаргүй байдалд оруулж байв.

Кейт, хунтайж Чарльз нарын уулзалт

Ханхүү Вилльямын Сандхерсийн хааны цэргийн академийн төгсөлтийн баяр дээр Кейт очсон бөгөөд энэ нь түүний анхны хааны арга хэмжээ байсан юм. Кейт тэнд ханхүү Чарльзтай анх удаа уулзсан байна. Хожим энэ талаар дурсахдаа “Ханхүү Чарльз маш эелдэг харьцаж байсан болохоор айдас маань алга болчихсон. Гэсэн ч маш их сандарч байсан шүү” хэмээсэн байдаг.

Тэдний харилцаанд папараццичид хөндлөнгөөс оролцож эхлэв

Кейт гоёмсог улаан пальто, хар малгайгаа өмссөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж, хүмүүс Вилльямын талийгаач ээж Дианатай харьцуулж эхлэв. Тэдний хаа явсан газар бүрт нь дагаж, хийсэн үйлдэл бүхнийг нь мэдээ болгож сонин хэвлэлээр цацах болсон нь тэдний харилцааг хүндхэн байдалд оруулсан байна. Кейт өмгөөлөгчид хөлсөлж, өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй авч, худал мэдээлэл түгээхийг хориглож, мэдэгдэл гаргасан ч бүх зүйл санаснаар болсонгүй.

Тэд хэсэг хугацаанд тусдаа байх болсон

Таван жил хамт байсны эцэст тэд тусдаа амьдрахаар шийджээ. Энэ нь олны харц, хэл ам, хэвлэлүүд зэрэг нөлөөлсөн байна. Тэд хэсэг хугацаанд тусдаа байж, өөр өөрийн карьер, амьдралдаа илүү анхаарахаар шийдсэн бөгөөд энэ нь ч зөв шийдвэр болж, өөрсдийн байр сууриа олж, хэн хэн нь хөгжиж дэвшсэн аж.

Дианагийн хүндэтгэлийн концерт

Хэдэн сарын дараа хунтайж Вилльям, хунтайж Харри нар талийгаач ээж Дианагийнхаа дурсгалд зориулан Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт зохион байгуулав. Ах дүү хоёр дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийг оролцуулан тоглолт зохион байгуулж, тоглолтын орлогыг Дианагийн буяны байгууллагуудад хандивласан.

Тоглолт болохоос нэг хоногийн өмнө Вилльямаас Кейт оролцох эсэхийг асуухад “Надад олон найз бий. Тэд бүгд тэнд ирэх болно. Хамтдаа нэгэн сайхан үдшийг өнгөрүүлнэ хэмээн найдаж байна” гэх тун бөөрөнхий хариулт өгчээ. Харин тус тоглолтод Кейт ирсэн байсныг папарациуд амархан олж харав.

Буцаад хамтдаа

Тэднийг эргээд нийлсэн талаарх мэдээллүүд ар араасаа хөвөрч эхлэв. Учир нь ханхүүг оролцож амжаагүй хуримын ёслолд түүнийг төлөөлж Кейт очсон аж. Энэ нь тэдний харилцаа нэгнийгээ төлөөлж болохуйц гүн гүнзгий болохын илэрхийлэл болов.

Тэд удалгүй сүй тавьсан болохоо зарлаж, Англи улс даяар томоохон баярт үйл явдал тохиосон юм. Ханхүү энэ талаар “Бид багагүй хугацаанд хамт байсан. Бие биенээ тун сайн ойлгодог. Саад бэрхшээлийг хамтдаа даван туулсан. Тиймээс цаг нь болсон гэж үзэж сүй тавьсан” гэжээ. Ингэхдээ тэрээр Кейтэд өөрийн ээж болох Диана гүнжийн гялалзсан цэнхэр индранил чулуутай бөгжийг бэлэглэсэн нь гүнгийн авхайг тун ч ихээр догдлуулсан аж.

Гүн ба гүнгийн авхай

Хурим болохоос өмнө хатан хаан II Елизабет ач хүү, бэр хоёртоо гүнгийн хаанчлалыг гардуулжээ. Ингэснээр ханхүү Вилльям Кембрижийн гүн болж, Кейт түүнтэй гэрлэсний дараа Кембрижийн гүнгийн авхай цолыг хүртэх болно гэдгийг албан ёсоор зарлав.

Мартагдашгүй хурим

Хосуудын мөрөөдөл эцэст нь биеллээ. Кейт, Вилльям нар 2011 оны 4-р сарын 29-нд Лондон дахь Вестминстерийн сүмд гэрлэжээ. Ханхүү Харри ахынхаа гэрч болсон бөгөөд ах дүү хоёр уламжлалт цэргийн дүрэмт хувцас өмссөн бол Кейт Александр Маккуины гоёмсог даашинз өмссөн байв.

Ёслолд 1900 орчим хүн оролцов. Хосууд сүйх тэргэнд сууж Лондонгийн гудамжаар Букингемийн ордон руу явах замдаа ард олонтойгоо мэндчилж, баяр хүргэх олны ерөөлийн үгсэд булагдав. Дараа нь тэд хунтайж Чарльзийн зохион байгуулсан 300 орчим зочинтой ёслолд оролцсон байна.

Гэр бүлийн шинэ гишүүд

Тэд 2013 оны 7-р сарын 22-нд анхны хүүхдээ өлгийдөн авсан бол одоо 3 хүүхдийн аав ээж болжээ. Тэдний гэр бүл улс орон даяар үлгэр жишээ болдог бөгөөд Кейтийн биеэ авч яваа байдал, өнгөрсөн хугацаанд хийсэн буяны үйлс, нэр хүндээ ямагт өргөж явдаг зарчимч зан чанар, загварлаг дэгжин хувцаслалт гээд тэр чигээрээ олны хайрыг татдаг.

Нэгэн цагт дорд гаралтай хэмээн адлагдаж байсан Кейт одоо улс орныхоо хамгийн ихээр хүндлэгдсэн гүнгийн авхай болж чадсан билээ. Түүнийг өнөөдөр хүртэл явж ирэхэд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол түүний нөхөр ханхүү Вилльям аж. Тэд тун ч дулаан харилцаатай. Нэгнийгээ ямагт ойлгож, сонсож, дэмждэг бөгөөд тун ч сайн нийцдэг болохыг ойрын эх сурвалжууд мэдээллдэгэ байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!