Ах эгчтэйгээ “алалцаж” өссөн хүүхдүүд сайн хүн болж төлөвшдөг

Ойрхон насны зөрүүтэй хүүхдүүд багадаа хувцас тоглоомоо булаацалдахаас авахуулаад юухэн дээр ч үргэлж маргалдана. Эцэг эхэд нь энэ байдал заримдаа төвөгтэй мэт боловч зөв тийшээ нь чиглүүлж чадвал хэн хэнд нь ашигтай тал болж хувирдаг аж. Кэмбрижийн Их Сургуулиас гаргасан шинэ судалгаагаар багадаа ах эгч, дүүтэйгээ зөрөлдөж, маргалдаж өссөн хүүхдүүд том болоод зөв хүн болж төлөвшдөг гэжээ.

Ойр насны зөрүүтэй төрсөн ах эгч дүүс эрт хэл болон хөлд орж, үгийн баялаг сайтай болж өсдөг байна. Түүнчлэн сэтгэн бодох чадвар, өрсөлдөх чадвар, ачаалал даах чадвар, багаар ажиллах чадварууд нь ганцаараа өссөн хүүхдээс 2-3 дахин их байдаг аж.

Мөн тэд сэтгэл хөдлөлөө удирдахдаа гаргууд, нууцыг сайн хадгалдаг, хүний ая эвийг сайн олж сурсан байдаг. Үүнийгээ дагаад нийгэмших чадвар эрт сууж, нийгэмд эзлэх байр сууриа цаг алдалгүй олдог байна.

Цаг ямагт толхилцож, бие биенийгээ чаддаг ах эгч, дүүсийн нөхцөл байдал гэр бүлийн гишүүдэд заримдаа тааламжгүй байдал үүсгэж болох ч тэднийг үргэлж загнаж, хорьж, шийтгэж болохгүй. Үүний оронд хэнийх нь зөв бурууг тайлбарлаж, хэрхэн хоорондоо эвтэй байх талаар үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.

Ойрхон насны зөрүүтэй хүүхдүүд хоорондоо маргалдаж толхилцох нь байдаг л үзэгдэл боловч энэ байдал нь даамжирч бие биенийгээ чадаж, хохироох нь ихсэж байвал үргэлж эвлэрүүлэх аргыг хайж ол. Төрсөн ах дүүс/эгч дүүс гэдгийг нь сайн ойлгуулж, ямагт сайн найз байж бие биедээ тусалж, унасан үед нь босгож чадах сэтгэлийн тэнхээг зааж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!