Өвчний үед сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгах вэ?

Монголд шинэ төрлийн COVID-19 вирусын анхны тохиолдол илэрсэн мэдээ өнөөдөр чих дэлсэж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Ийм үед хүн болгоны сэтгэл зүй тогтворгүй болж, айдаст автах нь байгалийн л үзэгдэл мэт зүйл билээ. Хүн ямарваа зүйлээс хэтэрхий айх, хий түгшүүрт автах үед дархлаа суларч, ажлын бүтээмж буурдаг. Тиймээс халдварт өвчний үед сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгах тухай зөвлөгөө бэлдлээ.

1. Хөл хориог сайн биелүүлэх

Мэдээж халдварт өвчний дэгдэлт тархаад эхэлсэн бол ариун цэвэр сайн сахиж, ариутгалыг сайн хийж, хөл хориог чадах хэрээр тогтоох хэрэгтэй. Олон нийтийн газраар явахгүй байж, маск болон хамгаалалтын хувцас хэрэглэлийг шаардлагатай бол хэрэглэ. Ажлаа гэрээсээ хийх боломжтой бол захиралтайгаа зөвлөлд.

2. Мэдээлэлд шүүлтүүртэй хандах

Ялангуяа сошиал медиагаар илүү хандалт авах гэсэн баттай бус эх сурвалжууд зөндөө бий. Түүнийг нягталж, үнэн худлыг нь мэдэхийн тулд мэдээллийн эх сурвалжийг сайн шалгах хэрэгтэй. Баттай бус эх сурвалжийн мэдээлэл голдуу сөрөг, олныг шуугиулж, нийгэмд эмх замбараагүй үйлдэл гаргах зорилготой байдаг. Хувь хүн биш, мэдээллийн сайт, телевиз, сонингийн мэдээллүүдэд анхаарлаа хандуулахыг хүсье.

3. Хангалттай нойр авах

Хүний дархлааны систем нь шөнийн нойрыг бүтэн авсан үед бидний биеийг сайн хамгаалж байдаг. Тиймээс шөнийн 23:00 – 08:00 цагийн хооронд дан ялангуяа сайн унтаж амрах шаардлагатай.

4. Хөдөлгөөн, Хоол!

Хүний бие нойр, хоол, хангалттай ус, хөдөлгөөнгүйгээр эрүүл байх үндэслэл байхгүй. Тиймээс шим тэжээлтэй хоол тогтсон цагт идэж, амьсгалын дасгал, хөдөлгөөнүүдийг өдөр бүр хийж байгаарай.

5. Гараа тогтмол угаах

Хоол идэхийн өмнө ба дараа, гаднаас орж ирээд, утас, компьютерийн гар, телевизийн удирдлага зэрэг байнга гар хүрч байдаг эд зүйлст хүрсний дараа гараа угааж, ариутгаж хэвших. Хэдийгээр эдгээр зөвлөгөөнүүд байнгын сонсогддог, хэтэрхий ерөнхий санагдаж магадгүй ч халдварт өвчний үед эдгээрийг чанд биелүүлж чадвал бид хэцүү цаг үеийг давж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!