Хүүхдээ гомдоож, сэтгэлд нь сэв суулгахгүйгээр шийтгэх аргууд

Судалгаанаас үзэхэд эцэг эх бүр өөрсдийгөө хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаа гэсэн бат итгэлтэй байдаг. Гэхдээ энэ нь ихэнх тохиолдолд худал болж таардаг. Учир нь зөвхөн таны өөртөө зөв гэж үзсэн хүүхэд хүмүүжүүлэх арга барил орчин үеийн хүүхдүүдэд үл нийцнэ. Аав ээж нар бүгдээрээ л хүүхдээ зөв, сайн болоосой гэж хүсэх ч, тэднийг тус замд хөтлөн аваачих хүн нь зөвхөн өөрсдийгөө гэдгийг мэддэггүй.

Ихэнх аав ээжүүд өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаггүй бөгөөд хүүхдэдээ зөв зүйтэй хандаж, буруу юм хийхэд нь зөв шийтгэж чаддаггүй. Үүний үр дүнд та хүүхдийнхээ суурь хүмүүжлийг буруу тавих аюултай. Тиймээс өнөөдөр нийт эцэг эхчүүд, ирээдүйд аав ээж болох дүү нартаа зориулж, хүүхдийг аймхай, өөртөө итгэлгүй нэгэн болголгүйгээр хэрхэн шийтгэх аргуудыг хүргэж байна.

Хүүхэд муу зүйл хийгээгүй бол түүнийг шийтгэх хэрэггүй

Хүүхэд санаатайгаар буруу зүйл хийдэггүй. Тэд их сониуч учраас энэ юу юм бол, энэ яадаг юм бол гэх сэтгэлгээгээр аливааг сүйтгэх нь бий. Тиймээс хүүхэд тань хэн нэгэнд халтай буруу зүйл хийгээгүй бол үглэж загних гэсний хэрэггүй. Харин тэдэнд юу буруу байсныг тайлбарлаж өгөөд, ахиад ингэж болохгүй зааж ойлгуулаарай.

Эсрэгээрээ та хүүхдээ гаргасан жижиг алдаа бүр дээр нь загниж, хийх үйлдэл бүрийг нь хорьсноор тэднийг ирээдүйд шийдвэр гаргахаас эмээдэг, бусдын үгийг л дагаж амьдардаг нэгэн болгоно.

Хэт сэтгэл хөдлөл өндөртэйгээр авирлаж болохгүй

Хүүхэд тань үгэнд орохгүй байлаа гээд тэдэн рүү орилж хашхирч, зодож цохиж болохгүй. Сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй хүүхдэдээ гар хүрчихдэг, ингэснээр хүүхэд сайн ойлгосон байх гэж өөрийгөө тайвшруулна.

Гэхдээ таны энэ үйлдэл хүүхдийн бяцхан зүрхэнд ямар их гомдол, гуниг хуруулдаг болохыг мэдэх үү? Үүнээс гадна тэднийг ирээдүйд том албан тушаалтай, өөрөөс нь илүү гэж бодогдсон хүмүүсээс эмээдэг, тэдний гарын аясаар хөдөлдөг, хэврэгхэн зүрхтэй болгож орхино.

Бусдын дэргэд хүүхдээ бүү загни

Олон нийтийн газар, хүмүүсийн дэргэд хүүхдээ загниж, шийтгэж болохгүй. Хүүхэд тухайн үед асар их ичих мэдрэмжийг авч, юу буруу хийснээ тунгаах биш, хүмүүсийн гайхаж, өрөвдсөн харцаас зугтахыг хүснэ.

Харин та өөрийн хайртай хүүхдээ тэр их дарамт, сэтгэл тавгүйтлийг мэдрээсэй гэж хүсч байна уу? Үгүй бол, хүүхдээ шийтгэх, загних, тайлбарлаж ухааруулахдаа хоёулахнаа байж болох орчныг сонго. Энэ нь та хоёрын бие биенээ илүү сайн ойлгож, тайван ярилцах боломжийг олгоно.

Хүүхдээ шийтгэсэн гэж хэлсэн бол шийтгэ

Аав ээж нар хамгийн түрүүнд хэлсэн үгэндээ хүрдэг байх хэрэгтэй. Хэлсэн үгэндээ хүрч чадахааргүй бол үүнийгээ тайлбарлаж, яагаад боломжгүй болсноо хэлдэг байх ёстой юм. Эс бөгөөс хүүхэд аав ээж хэлсэндээ хүрдэггүй, шийтгэсэн гэсэн ч шийтгэдэггүй гэх үзэл сууж, таны үгийг үл тоодог болж мэднэ.

Хэн нь яг буруутайг мэдэхгүй бол хамтад нь шийтгэ

Хүүхдүүдийн тань хэн нь чухам буруутай үйлдэл хийснийг мэдэхгүй байвал, тэднийг хамтад нь шийтгэх хэрэгтэй. Мөн хүүхэд тань найзтайгаа хамт тоглож байгаад муудалцсан бол зөвхөн хүүхдээ өмөөрөөд байж болохгүй. Ямар ч тохиолдолд хамт тоглож байгаа хүүхдүүдээс аль нэгийг нь ялгаж, ганцааранг нь шийтгэж болохгүйг анхаараарай.

Нас болон сонирхолд нь тохирсон шийтгэх өгөх хэрэгтэй

Шийтгэлийн тогтолцоо нь тодорхой бөгөөд тэнцвэртэй байх ёстой. Хичээлдээ муу дүн авсан, цонх хагалсан хэрэгт ижилхэн шийтгэл өгч болохгүй. Жижиг асуудалд – жижиг шийтгэл, том асуудалд – ноцтой шийтгэл.

Мөн та хүүхдийн нас, сонирхолыг харгалзан үзэх хэрэгтэй. Хэрэв хүүхэд сошиалд дуртай бол тэдний сошиал ашиглах хугацааг хязгаарлах нь зөв шийтгэл болно. Хэрэв хүүхэд үүнийг огт ашигладаггүй бол түүнийг шийтгэх өөр аргыг бодох хэрэгтэй.

Доромжилсон өнгө аяс үгс бүү хэрэглэ

Хүүхэд тань буруу зүйл хийсэн ч, тэднийг муу муухайгаар хэлж, загниж болохгүй. Энэ нь хүүхдийн тархинд хадагдан үлдэж, өөрийгөө яг л тийм мэтээр бодож, ямар ч итгэлгүй, дорой нэгэн болох хандлагатай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!