Японы Диана гүнж хэмээгддэг хатан хаан Масакогийн амьдралын түүх

Өнөөдөр та бүхэндээ Японы Диана гүнж хэмээгддэг хатан Масакогийн амьдралын талаар өгүүлэхээр бэлтгэлээ.

  • Масако Овада 1963 онд Токио хотод тэргүүний дипломатч Хисаши Овадагийн гэр бүлд төрсөн. Түүний аав нь дипломатч байсан тул дэлхийн өнцөг булан бүрт гэр бүлийнхнээ авч аялдаг байжээ. Масако хэсэг хугацаанд Москвагийн цэцэрлэгт сурч байсан бөгөөд 5 настайдаа Нью-Йорк руу нүүж ирэв.
  • 1971 онд Оудагийн гэр бүл Японд эргэн ирж, ирээдүйн хатан хаан өөрийн төрөлх Токио хотод охидод зориулсан Ромын католик шашны хувийн сургуульд элсэн оржээ. Тэрээр төгөлдөр хуур, теннис, герман, франц хэлийг сурч, гар урлал, амьтдыг халамжлах зэрэгт суралцаж, малын эмч мэргэжлийг эзэмшчээ.

  • 8 жилийн дараа Масакогийн аавыг Харвардад багшлахаар урьсан бөгөөд гэр бүл нь эх нутгаа орхин явжээ. Шинэ сургуульд очоод охин математикт дурлаж, идэвхтэй хичээллэж, Франц хэлний клубт хамрагдаж, Герман хэлээр шүлэг бичдэг байсан төдийгүй Гёте Нийгэмлэгээс охинд шагнал хүртэл гардуулсан байдаг.
  • 1981 онд Масако Харвардын Их сургуулийн Эдийн засгийн сургуульд элсэн орж, бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэр зүгээр нэг хичээл явдаг охин байгаагүй бөгөөд нийгмийн идэвхтэй нэгэн байсан аж.

  • 1986 онд ирээдүйн гүнж Японд эргэн ирж, Токиогийн Их Сургуульд хуулийн чиглэлээр суралцжээ. Энэ нь Японы Гадаад хэргийн яамны шалгуурт тэнцэхэд шаардлагатай байв: Масако эцгийнхээ замаар явахыг мөрөөддөг байв. Тэр жил шалгаруулалтанд 800 гаруй нэр дэвшигчид оролцсон бөгөөд Масако Овада тэргүүтэй 28 хүн л тэнцсэн юм.
  • Масако Японы Гадаад Хэргийн яамны Хойд Америкийн хэлтэст ажиллах болсон бөгөөд түүний өндөр боловсрол, биеэ авч яваа байдал зэрэг нь ирээдүй нь гэрэлтэй нэгэн гэгдэхэд хүргэж байв.
  • Испанийн гүнж Еленагийн айлчлалыг угтсан хүлээн авалтын үеэр Масако Японы угсаа залгамжлах ханхүү Нарухитотой танилцсан байна. Тухайн үед ханхүү хэдийн 26 хүрсэн боловч сэтгэлд нийцэх бүсгүй олдохгүй явсаар сүйт бүсгүйн эрэлд гарсан байв. Масако өндөр боловсролтой, сайн гэр бүлээс гаралтай, муу зуршилгүй, ухаалаг, биеэ зөв авч явдаг гэхчлэн бүх шаардлагыг хангаж байсан гэдэг.
  • Ханхүүд ч Масако сэтгэгдэл төрүүлж чадсан тул түүнийг өөрийн сүйт бүсгүйгээр сонгосон байна. Гэсэн ч Масакод сонголт хийхэд амар байсангүй. Тэр хааны гэр бүлийн гишүүн ямар байх ёстой болохыг тун сайн мэдэх бөгөөд гүнж болсон гэх өдрөөс эхлэн эрх чөлөөгөө боолгоно гэдгээ хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байв.

  • Ханхүү түүний гарыг хоёр ч удаа гуйсанд бүсгүй татгалзаж байв. Тэрээр өөрийн сурч мэдсэн зүйлс, хүсэл мөрөөдлөө орхихыг хүссэнгүй. Харвардад буцаж очоод мастерийн зэрэгт сурна гэж бодож явсан охины амьдралд гэнэтхэн маш том салаа зам гараад ирсэн нь энэ.
  • Тэрээр Оксфордын их сургуулийн Balliol коллежид олон улсын харилцааны чиглэлээр суралцсан. Сонгосон мэргэжил нь тийм ч сонирхолтой биш байсан байж магадгүй юм, ямартай ч тэрээр сургуулиа орхин 1990 онд Японд буцаж ирэв.
  • Ханхүү ч түүнийг хүлээсэн хэвээр байв. Түүний хайр сэтгэл тийм ч амархан хөрсөнгүй. Өөрийн үнэ цэнээ мэддэг, мэдлэгтэй, ухаалаг бүсгүйг ахин олж чадахгүй гэж айж байсан гэдэг. Угсаа залгамжлах хунтайж дипломатчийн охинд маш их хайртай байсан тул 6 жил хүлээж, түүнийг дагаж дэмжиж явжээ. Ингээд тэрээр 3 дахь удаагаа гэрлэх санал тавихад бүсгүй зөвшөөрчээ.

  • Гүнжийн айж байсан эцэс төгсгөлгүй уулзалт, хүлээн авалт, хурал цуглаан түүнд амрах зав үл олгож байв. Дээрээс нь гүнжийн хийж буй үйлдэл бүр бүхний өмнө ил тод байх учир үргэлж инээмсэглэж, амар тайван харагдах шаардлагатай. Нэмээд 6 жил гадагшаа аялж чадаагүй гүнж маш ихээр давчдах болсон. Түүнийг аялахыг хориглож, ханхүү төрүүлэхэд анхаарахыг сануулав.
  • Масако хунтайж Нарухитотой гэр бүл болсноор Японы эртний уламжлалыг даган, нөхрөө хүндлэн, үр хүүхдүүдээ өсгөх гэр бүлийн “чимээгүй” албанд зүтгэх шаардлагатай тулгарав. Улмаар амьдралынх нь хэв маяг бүхэлдээ өөрчлөгдөн, тэрбээр шүлэг бичиж, цэцэг тарьж, олон нийтийн ажилд хааяа оролцдог, Японы эртний уламжлал, ялангуяа Эзэн хааны гэр бүлийн нарийн дэг жаяг, журмыг ягштал биелүүлдэг эзэгтэй болжээ.
  • Гэрлэлтийн дараа ордны амьдралд дасахгүй хэцүү цаг үеийг туулсан бөгөөд хүүхэд, жирэмслэлттэй холбоотой асуудлууд түүний сэтгэл санаа, эрүүл мэндэд гүнзгий нөлөөлжээ. Тухайлбал, Масако гүнж 1999 онд хөл хүнд болсон ч харамсалтай нь дутуу төрж, мөн 2001 онд угсаа залгамжлах хүү биш охин төрүүлснээр бусад хүмүүсээс ирэх дарамт шахалтууд улам нэмэгдсэн аж.

  • Гүнжийн хувьд байнгын сэтгэл гутралтай байсан нь даамжирч, гадаад ертөнцөд дасан зохицох чадвар буурсан хэмээн “оношлоход” хүргэжээ. Масако кимоно өмсөх дургүй, түүнийг “үзэн яддаг” бөгөөд энэ байдлаа ч нуудаггүй аж. Энэ нь эртний уламжлалаа дээдэлдэг япончуудын хувьд тийм ч таатай бус мэдээлэл юм.
  • Гүнж 10 гаруй жил эмчлүүлж, олны өмнө үзэгдэхгүй хэвээр байв. 2013 онд тэрээр 11 жилийн дараа анх удаа гадагшаа аялж, нөхрийнхөө хамт Нидерландад зочилжээ.
  • Нарухитогийн хувьд амлалтаа биелүүлж, хүнд хэцүү жилүүдэд хайртай гүнжийнхээ төлөө, 20 жилийн өмнөх шигээ хайртай байж, хамгаалж, зөвтгөсөөр иржээ. Масако хатан болж чадна гэдгээ нотлохыг хичээж байна.
  • 2018 онд төрсөн өдрөөрөө энэ талаар эргэлзээтэй байгаа ч гэсэн хатан болоход бэлэн байгаагаа мэдэгдэв. “Би өөрийгөө хүмүүсийн аз жаргалд зориулахыг хүсч байгаа тул энэ зорилгодоо хүрч, илүү их туршлага хуримтлуулахыг хичээх болно” гэж Масако хэлэв.

  • 2019 онд Нарухито эзэн хааны сэнтийд заларч, гүнж хатан хаан болжээ. Энэ цол нь эцэст нь түүнд илүү их эрх чөлөөг өгсөн: одоо тэр залуу насандаа мөрөөдөж байсан зүйлээ хийх боломжтой болж, эх орондоо хэрэгтэй байж, дипломат ур чадвараа ашиглах болно. Тэр үеэс хойш хатан хаан албан ёсны арга хэмжээнд нөхрөө дагалдан явж, гадаад түншүүдтэйгээ орчуулагчгүй харьцдаг болжээ.

  • Хатан хааныг ихэвчлэн “алтан тортой шувуу” гэж нэрлэдэг бөгөөд Диана гүнжтэй зүйрлэдэг. Хатан хааны нэгэн адил олон япон эмэгтэйчүүд боломжийн тэгш бус байдлаас болж зовдог. Парламент дахь албан тушаалын дөнгөж 10.2% -ийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд Япон эмэгтэйчүүдийн цалин тус улсын эрэгтэйчүүдийн цалингаас дунджаар 25% -иар бага байна.

Эцэст нь торноосоо гарч нисч чадахаар болсон хатан хаан улс орныхоо төлөө, улсынхаа бүсгүйчүүдийн төлөө ихийг хийхээ мэдэгдсэн билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!