Олон жилийн турш гол нуур цэвэрлэж явсан эр нэг л өдөр алдартай болж, амьдралд нь гайхалтай өөрчлөлт гарчээ

Эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй гэж амтай болгон ярих ч, ажил хэрэг болгодог нь цөөн. Урдах амьдралдаа түүртэж, үнэндээ эргэн тойрноо анзаарах сөхөөгүй амьдардаг. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй ч, өдөр бүр голын хогийг цэвэрлэж, дэлхийгээ хайрлаж амьдардаг нэгэн өвөөгийн түүхийг та бүхэндээ хуваалцаж байна.

Нанду гэх гэрэл зурагчин залуу инженерийн ажлаасаа гарч, идэвхтэй зураг авахаар шийджээ. Камераа барьж явж байгаад завиндаа суучихаад голд урсах хог түүж байгаа нэгэн өвөөг олж харсан байна. Нанду өвөөгийн зургийг аваад, ойр хавийн хүмүүсээс түүний тухай асууж судалж олон зүйлийг мэдэж авчээ.

Завинд сууж явсан хүнийг Ражаппан гэдэг. Тэрээр бага байхаасаа л алхаж чаддаггүй байсан бөгөөд өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан мэтээр мэдэрч, өдөр хоногийн өнгөрүүлдэг байжээ. Одоо Ражаппан нь 69 настай ба 5 жилийн өмнөөс хог цэвэрлэж эхэлсэн байна. Түүнд хэн ч мөнгө төлөхгүй, түүнийг хэн ч шахаж шаардаагүй. Зүгээр л тэр ямар нэгэн хэрэгтэй зүйл хийхийг хүссэндээ өдөр бүрийг хог түүж, гол нуурыг цэвэрлэж өнгөрүүлэх болсон аж.

Түүнээс яагаад ийм зүйл хийдэг болохыг нь асуухад “Хэн нэгэн усанд хөвж байгаа энэ их хогийг цэвэрлэх хэрэгтэй шүү дээ” гэж хариулжээ. Гэрэл зурагчин залуу түүнд өөрийн авсан зургаа үзүүлж, сошиалд тавих зөвшөөрөл авсан байна. Харин түүний зураг түүх цахим сүлжээнл тавигдсан даруйдаа олон нийтийн анхаарлыг татаж, маш их магтаал хүндэтгэлийг хүлээн авчээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд хүртэл Ражаппаны өөрийн дураар хийдэг ажлыг үнэлж, талархаж буйгаа илэрхийлсэн байна. Хүмүүс түүнд төрөл бүрээр тусалж, мотортой тэргэнцэр, моторт завь, тэр бүү хэл шинэхэн байшин хүртэл бэлэглэжээ. Түүний хэнээс хариу нэхээгүй гайхалтай үйл хэрэг эцэст нь үнэлэгдэж, маш их хайрыг олон нийтээс хүлээн авсан юм.

Нанду, Ражаппан нар тэр үеэс хойш найзууд болжээ. Гэрэл зурагчин залуу Ражаппаны гэрээр үе үе зочилж, хүмүүст түүний сайн сууж байгааг хуваалцдаг байна. Ражаппаны тухайд одоо ч моторт завиараа хог цэвэрлэж, нуур голоо хамгаалсан хэвээр байгаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!