Тансаг рестораны хоолнууд яагаад бага порцтой байдаг вэ?

Үнэтэй, тансаг ресторанд ороод хоол захиалахад том тавганы голд жижигхэн чимэглэсэн хоол авчирч өгдөг. Хэдий бага хоол боловч үнэ нь өндөр. Үүний учир шалтгаан юунд оршдог болохыг та мэдэх үү? Хамтдаа энэ талаар мэдэж авцгаая.

Хоолны орц, найрлага өндөр үнэтэй байдаг

Өндөр зэрэглэлийн рестаронд ашигладаг орцууд нь үнэтэй, олдоц бага байдаг. Хагас кг Вагю үхрийн махыг 200 доллараар, нэг килограмм түрсийг 1000 доллараар худалдан авч хоол бэлтгээд, дээр нь Италийн цагаан трюфель (нэг кг нь 7500 доллар орчим) нэмнэ гээд төсөөлдөө. Үнэхээр л бага хэмжээгээр чамин таваглаж өгөхөөс өөр аргагүй байгаа биз?

Бага хэмжээгээр таваглаж өгөх нь илүү тансаг

Хоолны хэмжээ бага байх тусам үнэ цэнэтэй, тансаг, амт нь нэмэгддэг гэдэг. Бага порцтой хоолыг үйлчлүүлэгчид эхлээд нүдээрээ амталж, таашаал авна. Дараа нь тагнаандаа хүргэж, бага багаар амсах төдий идэж, тансаг байдлыг мэдэрдэг байна.

Олон төрлийн хоолноос бага порцоор иднэ

Энгийн ресторанд бол порц ихтэй нэг хоол идээд л болдог. Харин тансаг рестораны тухайд 3 курс хоолоор үйлчилдэг бол зарим нь 12 курс хоол өгдөг байх аж. Эдгээр 12 хоолонд гараар авч идэх хоол, хөнгөн зууш, шөл, салат, загас, эхний үндсэн хоол, тагнай цэвэрлэгч, хоёр дахь үндсэн хоол, бяслаг, амттан, ундаа / нарийн боов орно.  Ар араас нь олон хоол өгдөг учраас хоолны порц нь бага байдаг гэнэ.

Тогоочийн нарийн ур чадвар шаардана

Хамгийн багадаа 16 өөр, тус тусад нь чанаж бэлтгэсэн хүнсний ногооны найрлагаас бүрдсэн Францын Gargouillou хэмээх хоол байдаг. Үүнийг хэрхэн таваглаж, өнгө үзэмжтэй харагдуулах вэ гэдэг нь тогоочоос өндөр мэдрэмж шаардана. Хүн хоолоо идэхээс өмнө харна. Тиймээс тэр хоол харахад хүртэл хараа булаам үзэмжтэй, тансаг харагдах хэрэгтэй гэх зарчмыг мөрддөг аж.

Бага хэмжээгээр гайхалтай амтыг мэдрүүлэх учир уйдахгүй

Хоолыг амсахад маш амттай байдаг. Харин цаашлаад идэх тусам өнөөх гоё амт мэдрэгдэхээ больж эхэлдэг. Тиймээс хоолыг илүү үнэ цэнэтэй байлгахын тулд бага хэмжээгээр таваглан өгдөг бөгөөд хүмүүс порц багатай хоолыг бага багаар амталж иддэг байна.

Энэ нь ер бусын бөгөөд бидний хүлээлтийг нэмэгдүүлдэг

Дээр дурдсанчлан курс хоолоор үйлчилдэг. Эхний хоол ийм ирлээ, харин дараагийнх нь ямар бол гэхчлэн хүний сонирхлыг төрүүлж, хүлээлтийг нэмэгдүүлдэг. Хооллох нь маш том соёл болохыг, хоолыг зөвхөн цадахын тулд иддэггүй, амтыг нь мэдэрч, таашаал авах хэрэгтэйг сайн ойлгуулдаг гэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!