Алдартай уран зургуудын цаана нуугдсан далд утга юу вэ?

Уран зураачдын бүтээлийг хүмүүс үнэ хаялцаж, өндөр үнээр худалдаж авдаг. Мөн тэдний бүтээлийг ойроос харах гэж олон цагаар дугаарлаж, хамаг ажил амьдралаа зориулах хүмүүс ч бий. Тэгвэл хүмүүс яагаад тэгтлээ их зураачдын зургуудыг үзэх гэж хичээж, утга учрыг нь ойлгохыг хүсдэг юм бол? Өнөөдөр та бүхэндээ алдартай зураачдын бүтээлүүдийн ард нуугдсан утгыг тайлж өгөхөөр бэлтгэлээ.

Хоёр Фрида, Фрида Кахло, 1939 он

Мексикийн алдарт зураач Фрида Кахлогийн зурсан бүх зураг нь өөрийн хөрөг байдаг. Энэхүү “The Two Fridas” гэх уран зураг нь зураачийн амьдралд тохиолдсон эмгэнэлт явдлыг өгүүлнэ. Түүний нөхөр, зураач Диего Ривера нь бүсгүйг хуурч, эцэстээ тэд салахад хүрсэн бөгөөд энэ нь зураач бүсгүйд маш хүндээр тусч, тус уран бүтээлийг туурвисан байдаг. 1939 онд нөхрөөсөө салсан даруйдаа энэхүү зургийг зурсан гэдэг. Зургийн баруун талд суух Фрида нь хайрлагдсан байх бол, зүүн талын Фрида нь зүрхээ зүсүүлж, шархалсан байгааг харуулжээ.

“Walk”, Марк Шагал, 1917–1918 он

“Walk” бол Шагаллын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Түүний уран зургууд нь намтарчилсан байдаг бөгөөд “Walk”-д дүрсэлсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь зураач өөрөө болон түүний эхнэр Белла юм. Тэр газар зогсож байх бол, эхнэр нь тэнгэрт хөвнө, гэсэн ч тэд гар гараасаа барьж, ямар ч хол зам, хүнд бэрхшээлийг туулсаар, нэгнийхээ хажууд байхыг сонгох аж.

“Бид хаанаас ирдэг вэ? Бид юу вэ? Бид хаашаа явж байна вэ ?”, Пол Гоген, 1897–1898

Карьерийнхаа эхэн үеэс эхлэн Пол Гоген амьдралын болон үхлийн тухай өөрийн бодлыг дүрслэн харуулахыг хүсч байжээ. 1897 оны эхэн үед тэрээр “бид хаанаас ирдэг вэ? Бид юу вэ? Бид хаашаа явж байна вэ ?” нэртэй бүтээлээ эхлүүлж, 12 сард дуусгасан байна.

Уран зургийг эртний ариун судар шиг баруунаас зүүн тийш унших хэрэгтэй. Энэхүү зурагт 3 том бүлэг бий. Унтаж буй хүүхэдтэй залуу эмэгтэйчүүд амьдралын эхлэлийг дүрслэн харуулах бол, дунд хэсгээр харагдах хүмүүс залуу насыг илэрхийлнэ. Эцсийн бүлэгт үхэл рүү дөхөж буй хөгшин эмэгтэй бол удахгүй болох мөхлийн бэлгэдэл юм.

“Биркенау”, Герхард Рихтер, 2014 он

Хийсвэр Биркенау цуврал нь орчин үеийн зураач Герхард Рихтерийн бүтээл бөгөөд хорих лагерийн хоригдлуудад зориулагдсан болно. 1944 онд шарил чандарлахаар бэлтгэж байсан цогцоснуудын зураг зураачд сонин гэмээр сэтгэгдэл төрүүлсэн байна. Рихтер тэдгээр зурагнуудыг канвас дээрээ проектороор тусгаж, үүнийгээ будгаар будаж, дээр дээр нь давхарлаж, цогцсон овоог ийн дүрсэлж гаргасан аж.

“Шөнийн кафе дэнж”, Винсент ван Гог, 1888

Өнгөц харахад бид энэ зургаас ер бусын зүйл анзаардаггүй. Гэхдээ зураачийн бүтээлийг судалж байсан судлаач Жаред Бакстер энэ зураг нь алдарт “Сүүлчийн зоогийн” бүтээлийн зөгнөл байж магадгүй хэмээжээ. Анхаарч харвал, хүмүүсийн голд цагаан хувцастай зөөгч зогсож байна. Тэрээр 12 хүнээр хүрээлэгдсэн бөгөөд найрлаж буй ширээний арын хэсэгт гялалзсан туяа байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!