Хэлэхийг хүссэн үгээ өмссөн хувцсаараа илэрхийлдэг хатан хааны гэр бүлийнхэн

Хүн төрөлхтөн зөвхөн үг, өгүүлбэрээр харилцдаггүй. Биеийн хэлэмж, үйл хөдлөл төдийгүй өмссөн хувцсаараа хүртэл хэлэхийг хүссэн санаагаа илэрхийлж болдог. Үүний томоохон жишээ бол хатан хааны гэр бүлийнхэн. Тэд үг хэлэхгүйгээр өмссөн хувцсаараа олон утга санааг илэрхийлдэг байна.

Хатан хаан Элизабет хунтайж Филиппэд хүндэтгэл үзүүлэв

Хоёр долоо хоногийн өмнө Эрхэм дээд Хатан хаан нөхөр Ханхүү Филиппийг нас барснаас хойш анхны олон нийтийн арга хэмжээнд оролцов. Ингэхдээ Элизабет хатан шар цэцгэн хээтэй даашинз өмссөн байсан. Тус даашинзыг хатан хаан өмнө нь ханхүү Филиппийн 99 насны төрсөн өдрөөр өмсөж байсан бөгөөд ингэж ахин нэг удаа өмссөн нь ханхүүд үзүүлсэн хүндэтгэлийн хэлбэр юм.

Кейт Миддлтон #MeToo хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн

2018 BAFTA шагнал гардуулах ёслолд оролцох алдартнууд #MeToo хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж ямар нэгэн байдлаар хар өнгийн хувцас, гоёл чимэглэл зүүж ирэх дресс кодтой байсан. Кейт Миддлтон хаант засаглалын төлөөлөгчийн хувьд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хориотой боловч тэрээр шагнал гардуулах ёслолд хүрэлцэн очихдоо Женни Пакхэмийн урласан ногоон даашинзныхаа дээгүүр хар бүс бүсэлж, хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд амжсан юм.

Меган Маркл сонгогчдод хүндэтгэл үзүүлсэн

2019 онд Меган Маркл Лондонгийн Кинг Коллежид Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан хэлэлцүүлэгт оролцох ёстой байв. Ингэхдээ тэрээр эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгох хөдөлгөөнд хүндэтгэл үзүүлж хар цагаан хээтэй даашинз өмсөж очсон байдаг.

Диана гүнжийн өшөө авалтын даашинз

Энэхүү даашинзыг 1994 оны 6-р сарын 29-нд Диана гүнж өмссөн байдаг. Тус өдөр түүний хуучин нөхөр, ханхүү Чарльз Диана гүнжийг хуурч байснаа хүлээн зөвшөөрч, гэрлэлт нь үүнээс болж сүйрсэн гэдгийг илэрхийлсэн. Энэ нь олны анхаарлыг гүнж дээр тусахад хүргэсэн билээ. Тиймдээ ч гүнж хамгийн сайхнаараа хувцаслаж, хэн ч хүрч зүрхлэмгүй төгс төгөлдөр, үзэсгэлэнтэй дүр төрхийг бүрдүүлсэн байдаг. Тэр цагаас хойш энэхүү даашинзыг Өшөө авалтын даашинз хэмээн нэрлэж, гүнжийн өмсөж байсан хамгийн алдартай хувцас болон хувирсан.

Меган Марклын Хамтын нөхөрлөлийн орнуудад хүндэтгэл үзүүлсэн хуримын даашинзны гивлүүр

Меган Маркл Givenchy-ийн гоёмсог даашинз өмсөж хуримандаа оролцсон. Гэсэн хэдий ч гивлүүрийг нь Британийн дизайнер Клер Уэйт Келлер бүтээжээ. Меган даашинзныхаа гивлүүрийг Хамтын нөхөрлөлийн бүх 53 оронд хүндэтгэл үзүүлсэн байгаасай гэж хүсчээ. Тийм ч учраас гивлүүр дээр улс орнуудыг илтгэх тэмдгүүдийг гоёмсогоор урлаж өгсөн байдаг.

Кейт Миддлтон очсон орнууддаа хүндэтгэл үзүүлдэг

Кейт улс орнуудад айлчлал хийх үедээ өмсөж буй хувцсаараа тус улсад хүндэтгэл үзүүлдэг. 2017 онд Польш улсад айлчлах үеэр Кейт тус улсын далбаанд багтсан өнгөнүүдийг онцолж сонгож, улаан өнгийн цүнх барьж, цагаан даашинз өмссөн байдаг. Мөн Канад дахь айлчлалын үеэр тэрээр улаан даашинзаа Канадын бэлэгдэл болсон агч навчаар чимэглэжээ.

Кейт Миддлтоны даашинз Диана гүнжийн дурсгалд зориулагдсан

2017 онд Диана гүнжийн нас барсны хорин жилийн ойгоор Кейт Миддлтон өмссөн даашинзаараа гүнжид хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр урт ханцуйтай ногоон даашинз өмссөн байсан нь Диана гүнжийн өмсдөг байсантай ижил төрлийн даашинз юм. Мөн Кейтийн даашинзыг Их Британид дурсгалын бэлгэдэл болсон намуу цэцгүүдээр чимэглэсэн байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!