Жүжигчин Г.Чинсанаагийн үлгэр жишээ аз жаргалтай гэр бүл

“Unitel” группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагч Г.Чинсанаа, TURBOFIT өөх шатаах хөтөлбөрийн санаачлагч, фитнессийн багш, дасгалжуулагч Б.Хулан нарыг хүмүүс сайн мэднэ.

Тэд хоёр жилийн өмнөөс хүүхэдтэй болоход бэлтгэж, эрүүл мэнд, сэтгэл зүй, ажил төрөл, санхүү зэргээ бүгдийг дэс дараатай төлөвлөн нарийн судалжээ. Гэр бүл төлөвлөх, хүүхэд өсгөх тал дээр үлгэр жишээ болж буй хосуудын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

Б.Хулан: Бид үерхээд зургаан жил болж байгаа. Хүүхэдтэй болсноос хойш ажлаасаа түр чөлөө авч, хүүхдэдээ л бүрэн анхаарал хандуулаад байна. Зургаан сар хүртэл нь хүүхдээ асарч, хажуугаар нь онлайнаар фитнесс, дасгалын зөвлөгөө өгөх төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэд төрснөөс хойших гурван сарыг Sleeping survival stage буюу эцэг эхчүүдийн нойргүйдлээ давах үе гэдэг юм билээ. Бид хоёр яг тийм үедээ шөнө нь нойргүй, өдөр нь завгүй л нялх үрээ харж байна даа.

Г. Чинсанаа: Өмнө нь би өдөрт найман цагаар оффист ажилладаг, манай хүн өөрийн гаргасан ажлын хуваарийн дагуу чөлөөтэй ажилладаг байсан юм. Тийм болохоор манай хүн хоол хийх ажлаа хариуцаж, гэр цэвэрлэх ажлаа өрөө өрөөгөөр нь хуваагаад хийдэг байсан. Харин одоо бол манай эхнэр хүүхдээ харж, би ихэнхдээ хоол хийж, дэлгүүрээс хүнс цуглуулдаг болоод байна. Ажил тараад л гэртээ очиж эхнэртээ тусалж, ачааллаас нь хөнгөвчлөхийг хичээж байна даа. Өдөржингөө хүүхэд харсан эхнэрээ амрааж, шөнийн ээлжид хүүхдээ унтуулах, угжих, хуурайлах, бүүвэйлэх зэргээр бие биеэ нөхөж, эрч хүчээ зөв хуваарилах талаас нь анхаардаг.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?

Б.Хулан: Хүүхэд хэзээ сэрнэ, тэр цагт сэрүүн байдаг болоод байна. Өмнө нь аль болох эрт унтаж амрахыг хичээдэг байсан бол одоо өглөө 5 цагт босдог болсон. Манай хүн хүүхдээ авч байх хооронд би өглөөний цайгаа бэлдэн, ээлжилж өглөөний цайгаа уудаг даа.

Г.Чинсанаа: Би өмнө нь ажил тарсны дараа бэлтгэлдээ явж, орой хамт гэртээ орж ирдэг байсан бол одоо өглөө эрт 7-9 цагийн хооронд бэлтгэлээ хийж, орой зургаан цаг гэхэд гэртээ ирэн, гэрийн ажилдаа ханцуй шамдан ордог болсон. Ийм маягаар орой бүр хүүхдээ усанд оруулж, унтуулдаг дадалтай болоод байна.

ХҮҮХДҮҮДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Г.Чинсанаа: Бие бялдрын хувьд эрүүл саруул, цог золбоотой, хувь хүний хувьд маш сайн төлөвшсөн, зөв хүмүүжилтэй болоосой гэж хүсдэг. Зөв хүмүүжил гэдэгт ноомой даруу бус зоригтой, өөртөө итгэлтэй, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвартай байхыг ойлгож байна.

Б.Хулан: Үүнд аав хүний оролцоо маш чухал. Аав нь хүүдээ илүү ойлгуулж, ухааруулах тал дээр анхаарах нь зүйтэй болов уу. Эрэгтэй хүүхэд аавыгаа л үлгэрлэдэг шүү дээ. Ер нь, эцэг эх нь ямар үйл хөдлөл үзүүлнэ, тэр бүхнийг хүүхэд нь даган дуурайх учраас өөрсдөө үлгэр жишээ байх хэрэгтэй.

Хүүгээ бие бялдар сайтай, чийрэг сайхан залуу болоосой гэж мөрөөддөг. Өөрөө бараг найз охин шиг нь хажууд нь явна даа гэж боддог доо. Хүү маань ухаан ороод л аав, ээжийнхээ дасгал хөдөлгөөн хийж, хэрхэн хооллож байгааг хараад даган дуурайх болов уу. Дасгал хөдөлгөөн хүнийг маш сайн хүмүүжүүлж, хатуужилтай болгодог учраас хүүгээ аль болох эрүүл чийрэг байлгахыг л хичээнэ. Эрүүл биетэй байж л саруул ухаантай байна шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!