Хятадын компаниуд эмэгтэй ажилчдаа болзоонд яв, хайр дурлалаа ол хэмээн цалинтай чөлөө олгодог

Хятад улс ямагт сонин содон зүйлс сэтгэдэг гэдгээрээ алдартай. Тус улс нь дэлхийн бусад орнуудаас ямагт ялгарч чаддаг билээ. Тэгвэл энэ удаад тус улсын 2 компани ганц бие ажилчиддаа болзох цаг гаргаж өгч, цалинтай чөлөө олгох болсон байна. Чухам ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасан талаар судалж мэдэцгээе.

Ханжоу хотын Хятадын 2 компани ганц бие эмэгтэй ажилчдаа нөхөртэй болоход нь туслах зорилгоор 8 хоногийн цалинтай чөлөө олгож байна. 30-аас дээш насны гэрлээгүй ажилтнууд Хятадын Цагаан сарын баярын үеэр нэмэлт амралтын өдрүүдээр амрах боломжтой бөгөөд ингэснээр хайр дурлалаа олохын тулд 2 долоо хоногийн эрх авч байгаа юм. Мөн онцгой тохиолдолд чөлөөгөө сунгаж ч болдог аж.

Эдгээр компаниуд нь ажлын цаг ихтэй, ачаалал өндөр учир ажил гэр гэж явсаар амьдралаа ч зохиож амжихгүй, залуу нас нь дуусч байгаа ажилчиддаа туслах зорилгоор тус санаачлагыг гаргасан байна.

Хүний нөөцийн менежер Хуан Ли “Эмэгтэй ажилчид ихэвчлэн дотоод чиг үүргийн хэлтэст ажилладаг. Тэд бусадтай харилцаж, гадуур гарах боломж олдоггүй. Тиймээс эмэгтэй ажилтнуудад эсрэг хүйстэнтэйгээ харилцах илүү их цаг, боломж олгож, болзоонд явж, цагийг сайхан өнгөрүүлж, ажилдаа илүү эрч хүчтэй ирээсэй гэсэндээ чөлөө олгох болсон” хэмээжээ.

Хайр дурлал хүнийг жаргалтай болгодог. Харин жаргалтай хүн эрч хүч дүүрэн ажилаа хийж, илүү байх хандлагатай болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс ажилчдынхаа хувийн амьдралд гэрэл гэгээ авчирч, бүтээмжийг дээшлүүлэхийн тулд тэд тэдэнд “болзооны завсарлага” санал болгосон нь энэ юм. Ханжоу хотод байрладаг нэгэн сургууль ганц бие болон хүүхэдгүй багш нарыг болзоонд яв хэмээж сар бүр нэг өдрийн бүтэн чөлөө олгодог байна.

Мөн энэ нь нэг ёсондоо бүсгүйчүүдийг нийгэмд гадуурхагдахаас хамгаалж буй хэлбэр юм. Учир нь Хятадад 30 гарсан бүсгүй гэрлээгүй бол тэднийг “шенгу” буюу үлдэгдэл гэж нэрлэдэг. Хүн бүр тэднийг нүд үзүүрлэж, үлдэгдэл бүсгүй хэмээн цоллож, нийгмээс гадуурхах хандлагатай байдаг. Ийм шалтгаанаар зарим компаниуд бүсгүйчүүдийг болзоонд явж, залуучуудтай уулзаж, хайр дурлалаа олох боломжийг олгодог аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!