Үлгэрийн киноноос гараад ирсэн мэт харагдах ер бусын болоод ид шидтэй тавилга урладаг эр

Ид шидийн ертөнцийн тухай өгүүлэх кинонууд маш олон байдаг. “Harry Potter”, “Alice in wonderland” гэхчлэн хүүхдүүд гэлтгүй хүн бүрийн дурлан, шимтэн үздэг тус уран бүтээлүүдэд ид шидийн ертөнцийн тухай өгүүлнэ. Харин кино урлагийн салбарт хамгийн сонирхолтой сэдэвд тооцогддог тэдгээр ертөнц үнэхээр бодитоор оршин байдаг болов уу гэх асуулт хүмүүсийн толгойд эргэлдэнэ.

Тэгвэл яг л ийм асуултыг тээж амьдардаг нэгэн эрэгтэй ид шидийн гэмээр онц сонирхолтой тавилгуудыг өөрийн гараар хийж, сүүлийн үед ихэд алдаршаад байгаа юм.Үлгэрээс эсвэл киноноос гараад ирсэн мэт харагдах эдгээр тавилгууд эвдэрхий эсвэл ямар ч хэрэгцээгүй мэт харагдаж болох ч, юу юунаас илүү хүмүүсийн хэрэгцээг хангаж чадна гэдгээрээ онцлог аж.

Түүний нэрийг Хенк гэдэг. 70 настай бөгөөд бага байхаасаа л өвөрмөц түүхийг өгүүлэх кинонд дурлаж, өөр ертөнцийг мөрөөдөх болж. Энэ нь түүнийг тус төрлийн тавилгыг хийж бүтээхэд хүргэсэн байна.

Нэг тавилга бүтээхэд 80-100 цагийн ажил хөдөлмөр шаардагдана. Хамгийн хэцүү нь тавилгын зургийг гаргах аж. Толгойдоо харсан төсөөллөө цаасан дээр буулгаж, эцэст нь бодит болгосноор ажил дуусна.

Хенк гадуур хайгаад олдохгүй, ганцхан өөрөө л хийж чадах тийм өвөрмөц тавилга хийхийг зорьдог. Түүний бүтээсэн тавилгуудыг хүмүүс маш ихээр сонирхох болсон байна. Хаанаас ч олдохгүй, ховорхон бас ер бусын түүний тавилгуудыг хүмүүс захиалаад, олон хоног, сар хүлээж байгаад авдаг гэнэ шүү.

Түүнээс ирээдүйд бизнесээ өргөжүүлэх үү, дэлгүүр нээх үү, үйлдвэртэй болох уу гэхчлэн асуулт асуухад Хенк шуудхан л “үгүй” гэж хариулсан байна. Шалтгаан нь гэвэл түүний гэр бүл аж. Тэрээр үлдсэн амьдралаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх хүсэлтэй бөгөөд мөнгөний төлөө олон цагаар ажиллаж, дэлгүүр нээх хүсэлгүй гэнэ. Ердөө л өөрийн хүслээр цөөн хэдэн тавилга хийж, ганц нэг хүмүүст зарж байхад хангалттай аж.

Түүний гарын ур дүй, өвөрмөц сэтгэхүй нь өдгөө түүнийг тун ч алдартай бас эрэлттэй нэгэн болгоод байгаа юм.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!