Хожим нь үрэвсэлтэй, эмзэг арьстай болохгүйн тулд одооноос сурах хэрэгтэй арьс арчилгаа

Нүүрний арьс гэдэг эмэгтэй хүний хувьд амь наснаас өөрцгүй байдаг. Арьсандаа сайн гэсэн бүхнийг хэрэглэж, аль болох өөгүй цэвэрхэн байлгахыг хичээдэг билээ. Гэсэн ч бага залуу байхдаа гаргасан алдаанаас болж, арьсаа үрэвсэлтэй, эмзэг болгочихсон хүмүүс олон байдаг. Иймд залуу охид бүсгүйчүүддээ зориулан нүүрээ арчлахдаа заавал анхаарах ёстой зүйлсийг танилцуулж байна.

Хэтэрхий олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй

Охидууд ихэвчлэн өөрсдийн арьсны төрлийг мэдэхгүйн улмаас бусдын сайн гэсэн бүхнийг авч хэрэглэдэг. Тохирохгүй олон бүтээгдэхүүн хэрэглэсний үр дүнд арьсанд маш төрлийн өөрчлөлт гарна. Гэхдээ дандаа сөрөг талын өөрчлөлт. Арьс тослогтох, батга гарах, эмзэг болох, нүхжилттэй болох гэхчлэн олон асуудалтай нүүр тулахад хүрнэ. Иймд арьсаа арчилж эхэлж байгаа бол хамгийн түрүүнд арьсны төрлөө тодорхой болгох хэрэгтэй. Үүний дараа арьсныхаа төрөлд тохирох цөөн бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

Нүүрний будгаа зөв арилгах

Нүүрний будгаа арилгахдаа мицельтэй усаар арчиж, дараа нь ахиад хөөсөөр угаадаг. Үүнийгээ манай бүсгүйчүүд сайн цэвэрлэгээ гэж бодох ч үнэндээ арьсыг ихээр гэмтээж буй алдаа юм. Нүүрний будгаа тосон цэвэрлэгчээр арилгаж, дараа нь зөөлөн хөөсөөр угааж болох аж.

Нарны тос түрхэх

Бороотой, цастай, наргүй бүрхэг өдөр байсан ч хамаагүй нарны тосыг заавал түрх. Энэ нь арьсыг гэмтэх, үрчлээс үүсэх зэргээс сэргийлж байдаг тул нүүрээ будаж эхэлж байгаа охид заавал түрхэж сурах хэрэгтэй. Цаашлаад хөгшин эмээ болтлоо түрхсээр л байх ёстой юм.

Дэрний уутаа долоо хоног тутам угааж сольж байх

Арьсыг гэмтээж, үрэвсүүлж байдаг зүйл таны дэр гэвэл итгэх үү? Дэрэнд шигдэж нуугдсан бохирдол нь арьсанд хүрч, үрэвсүүлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд долоо хоног тутам дэрний уутаа сольж байх нь чухал.

Арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагыг судлах

Ямар орц найрлагатай бүтээгдэхүүн гэдгийг нь ч мэдэхгүй шууд хэрэглэж болохгүй. Мөн заавар, заалт хийгээд анхааруулгыг нь сайтар унших хэрэгтэй. Магадгүй таны арьсанд тохирохгүй бүтээгдэхүүн ч байж болно.

Бүлээн усаар нүүрээ угаа

Зарим хүмүүс арьсныхаа нүхийг нээхийн тулд эхлээд халуун усаар нүүрээ угааж, дараа нь нүхжилтээ агшаахын тулд хүйтэн усаар нүүрээ угаах хэрэгтэй гэж үздэг. Гэвч энэ нь буруу төдийгүй арьсыг асар ихээр гэмтээнэ. Иймд бүлээн усаар л нүүрээ угааж байгаарай.

Нүдний будгаа зөв арилгах

Нүдний будгаа маш болгоомжтой арилгах хэрэгтэй. Нүд орчмын арьс маш эмзэг тул хамаагүй зүлгэж арчиж эсвэл шууд үрж угааснаар зовхи гэмтэж, үрчлээс тогтох аюултай. Иймд хөвөнд будаг арилгагч шингээж, нүдэнд дээрээ 10-20 секунд тавьна. Дараа нь зөөлөн арчихад нүдний будаг дороо арилах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!